Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дэд бүтэц, тохижилт, үйлдвэр үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн асуудал эрхэлсэн хорооноос санаачлан дүүргийн 9 дүгээр хорооны Цагаан байрны гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар иргэдтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Хурлын хорооны дарга, Төлөөлөгч Д.Алтанхуяг, Төлөөлөгч Ж.Оюунцэцэг, Ц.Дуламжав, Ц.Бугасүрэн, Ц.Эрдэнэбаяр, Ц.Отгонбаатар, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дахин төлөвлөлтийн Хэлтсийн дарга М.Нямбаяр, 9 дүгээр хорооны Засаг дарга Н.Оюунцэцэг нар оролцлоо. Хурлын хорооны дарга Д.Алтанхуяг 9 дүгээр хорооны дахин төлөвлөлтийн ажил ямар шалтгаанаар явагдахгүй байгаа талаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас мэдээлэл авах, иргэдийн санаа бодлыг сонсох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаагаа хурлын эхэнд танилцуулсан юм.
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Дахин төлөвлөлтийн хэлтсийн дарга М.Нямбаяр тус хорооны Цагаан байрны дахин төлөвлөлт дээр 2 ч удаа сонгон шалгаруулалт явуулсан ч шалгарсан компаниуд иргэдтэй тохиролцож чадаагүй. Цагаан байрны оршин суугчид төсөл хэрэгжүүлэгч компаниудтай тохиролцож чадаагүй учраас дахин төлөвлөлтөд хамрагдах боломжгүй. Иймээс бид өөрсдөө нэгдээд газар шинэчлэх зохион байгуулалт хийе гэсэн хүсэлт гаргасны үндсэн дээр Цагаан байрны хил хязгаарыг дахин төлөвлөлтийн хэсгээс хассан гэдгийг иргэдэд тайлбарлалаа. Харин иргэд, бичиг баримтын зөрчилтэй, нягтаршил ихтэй зэрэг шалтгаанаас болоод төсөл хэрэгжүүлэгч компанитай тохиролцож чадахгүй буцаагаад байгаа болохоор 75 хувьдаа хүрэхгүй байна. Цагаан байрны иргэд бүгдээрээ дахин төлөвлөлтөд хамрагдахыг хүсч байгаа гэдгийг албаны хүмүүст хэлж байлаа.
Уулзалтын төгсгөлд Хурлын хорооны дарга Төлөөлөгч Д.Алтанхуяг Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамгийн хүндрэлтэй байгаа 9 дүгээр хорооны цагаан байрны дахин төлөвлөлтийг яаж амжилттай хэрэгжүүлэх талаар дүүргийн Засаг даргын Тамгын газар, гүйцэтгэгч компани, иргэдийг хооронд нь уялдуулах, эрчимтэй явуулах арга замыг олъё. Хамгийн гол нь та бүхэн нэг ойлголттой болоод санаагаа нэгтгээд бидэнд хандвал түүнийг шийдэхийн төлөө дүүрэг, Нийслэл, Улсаараа бүгдээрээ хамтарч ажиллая. Манай хорооны гишүүд ч та бүхний санал хүсэлтийг хүрэх эцсийн цэг нь хүртэл хөөцөлдөөд эргэн танилцуулна гэдгээ амлалаа. Мөн орон сууцаа эхнээс нь зөв төлөвлөөд явбал бид Нийслэл Улаанбаатар хотоо аварна гэсэн юм.