2015 оны 6 дугаар сарын 16-19-ны өдрүүдэд ОХУ-д зохион байгуулагдсан “Армия-2015” үзэсгэлэнг хичээн хүн үзэв, хүмүүсийн сонирхолыг ямар зэвсэг, техник хамгийн ихээр татаж байсан тухай, мөн үзэсгэлэнгийн үр дүнг товч тоймолж бичихээр шийдлээ. Энэ үзэсгэлэнгийн үед 700 гаруй гадаад, дотоодын компаниудын том жижиг 5000 гаруй нэгж зэвсэг, техник, технологи, загваруудыг Кубинка дахь “Патриот” цогцолборын 40 мянган м/кв павилон, 100 мянган м/кв задгай талбайд дэлгэн тавьсан билээ.
Арга хэмжээний нээгдсэн эхний өдөр ойролцоогоор 50 мянга гаруй хүмүүс үзсэн ба тэдний 7 мянга нь хүүхдүүд байжээ. Энэ нь оросын залуу үед цэрэг-эх оронч үзэл төлөвшүүлэх, эх орон өөрийн цэргээр бахархах бахархалыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон гэж үзэж байгаа. Хоёр дахь өдөр төлөвлөгөөний дагуу хэвийн үйл ажиллагаа явуулсанаас гадна үзэсгэлэнгийн талбай дотор тусгайлан бэлтгэсэн 28 цэгээр гадаадын 3000 гаруй мэргэжилтнүүд явж үзсэн юм.
Үзэсгэлэнг хамгийн идэвхитэй сонирхож үзсэн улсаар Пакистан улс тодорчээ. Тус улсаас хуурай зам, тэнгис, агаарын цэргийн мэргэжилтнүүд багтсан томоохон баг ирж үзэсгэлэнг үзжээ. Харин Саудын Арабын цэргийн төлөөлөгчид 480 кг жинтэй цэнэгт хошууг 280 км хүртэл зайд буй цель хүргэх хүчин чадалтай оператив-тактикийн “Искандер-Э” пуужингийн комплексийг нэлээд сонирхож байжээ.
Хуурай замын цэргийн зэвсэглэлийн хувьд үзэгчдийн анхаарлыг хамгийн ихээр татсан зэвсгийн тоонд танкийг галаар дэмжин дайсны явган цэргийг танкад ойртуулахгүй байх үндсэн үүрэгтэй “БМПТ-75”/“Терминатор-2” байлдааны машин, шинэ үеийн гар буу “ПЛ-14”, хуягт тээвэрлэгч “БТР-80”/“Тигр” автомашин дээр суурилуулсан “Корнет-ЭМ” танк эсэргүүцэх удирдлагатай пуужин, өмнөх загварын “Игла” пуужингаас 2,5 дахин өндөр үзүүлэлт бүхий зөөврийн зенит-пуужингийн “Верба” комплекс зэрэг зэвсэг багтаж байв.
“Корнет-ЭМ” танк эсэргүүцэх удирдлагатай пуужин
“Глайдер-Т” усан доор радио-электроны тэмцэл явуулах зориулалттай робот аппаратын загвар
Харин тэнгисийн цэргийн зэвсэглэлийн хувьд мэргэжилтнүүдийн анхаарлыг зүй ёсоор татсан бүтээлийн тоонд “Глайдер-Т” усан доор радио-электроны тэмцэл явуулах зориулалттай робот аппаратын загвар багтсан юм. “Глайдер-Т” нь “Голнасс” хиймэл дагуулын тусламжгүйгээр усан дор буй дайсны дуу чимээний радар, радио-электрон хэрэгслийг ирүүлж тэдний үйл ажиллагааг дарах, гацаах, саатуулах үйлдэл үзүүлэхээс гадна яг шумбагч завь шиг хуурамч дуу чимээ гаргаж дайсны радарыг төөрөгдөлд оруулах чадвартай гэнэ.
Нисэх хүчний хувьд оросын агаарын үзүүлэх тоглолтын “Беркуты”, “Стрижи”, “Русские витязи” зэрэг багууд 10 мянган үзэгчдийн өмнө агаарын уран нислэг үйлдсэн нь хүмүүсийн талархалыг зүй ёсоор татаж байлаа.
Оросын 5 дахь үеийн радарт үл үзэгдэгч “Т-50” онгоц
Гэхдээ хүмүүс оросын 5 дахь үеийн радарт үл үзэгдэгч “Т-50” онгоцны нислэгийг хамгийн ихээр сонирхон үзжээ.
Үзэсгэлэнгийн үеэр нэлээд олон орны төлөөлөгчид оросын зэвсэг, техник худалдаж авах гэрээ контракт байгуулсан бололтой. Оросын зэвсэг, техник экспортлох үйл ажиллагаа явуулдаг “Рособоронэкспорт” компаний төлөөлөгч Валерия Варламовын өгч буй мэдээллээр бол энэ оны үлдэж буй хугацаанд тус компани нь 13 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн экспортод гаргахаар төлөвлөж байгаа гэнэ. Хэрвээ энэ төлөвлөгөөг биелүүлж чадвал 2015 оны хувьд экспортод гаргасан зэвсгийн хэмжээ 40 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа гэнэ.
Дүгнэлт: Оросын орчин үеийн зэвсэглэл, техник, технологийн хөгжлийн түвшин, батлан хамгаалах салбарын хүчин чадлыг дэлхий дахинд харуулж чадсан “Армия-2015” олон улсын зэвсгийн үзэсгэлэнг амжилттай явагдаж дууслаа. Үзэсгэлэнд дэлгэн үзүүлсэн зэвсэг, техникийг худалдаж авахаар сонирхож буй улс орнуудын тоо нэмэгдэж нэлээд олон гэрээ, контракт байгуулсан явдал нь ойрын хугацаанд оросын зэвсгийн экспортын түвшинг нэмэгдүүлэх боломжийг дээшлүүлж байгаа нь тодорхой.
Үзэсгэлэнг зохион байгуулж явуулсанаар оросын армийн нэр хүндийг олон улсын түвшинд өсгөөд зогсохгүй, ийм том арга хэмжээг зохион байгуулах дадлага туршлага нь нэмэгдэж байгаа юм. Түүнчлэн армийн мэдэлд орчин үеийн стандарт шаардлага хангасан буудлагын полигон бүхий цоо шинэ “Патриот” цогцолбор үлдэж байна. Цаашид “Патриот” цогцолборыг улам хөгжүүлэн, үйл ажиллагааг нь тогтмолжуулбал оросын залуу үеийг цэрэг-эх оронч үзлээр хүмүүжлүүлэхэд түлхэц өгсөн арга хэмжээ болох билээ.