Монгол улс ургамлын тосны түүхий эдээ өөрсдөө хийдэг боллоо

IMG6105 1Үйлдвэрийг барихад “Майнд тэч” компани “Чингис” бондоос 22.5 тэрбум төгрөгийн зээл авчээ

Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Баруунхараад өдөрт 100 тонн тослог ургамлын үр боловсруулах бүрэн автомат үйлдвэр ашиглалтад орлоо. Ингэснээр манай улс ургамлын тос үйлдвэрлэх түүхий тосныхоо 50 хувийг дотоодоосоо хангах боломжтой болох юм. “Оргих” ургамлын тосыг рапсын үрээс гаргаж авдаг. Гэхдээ ямар ч химийн бодис хэрэглэдэггүй учир эко бүтээгдэхүүн юм. Баруунхараад байгуулагдсан  тослог ургамлын үр боловсруулах үйлдвэрийг барихад “Майнд тэч” компани “Чингис” бондоос 22.5 тэрбум төгрөгийн зээл авчээ.

Тус компани нь “Дельта холдинг”-ийн охин компани бөгөөд өөрийн 10 тэрбум төгрөгийг үйлдвэрийнхээ бүтээн байгуулалтад зарцуулсан байна. Өнгөрсөн  баасан гарагт болсон тус үйлдвэрийн нээлтэд Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, “Делта холдинг” группын захирал н.Мөнхжаргал, Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, Баянгол сумын Засаг дарга Б.Энхбат нар оролцон,  үйлдвэртэй танилцсан  юм.

Үйлдвэрийнхээ дэргэд  арван мянга орчим тонн үр хадгалах багтаамжтай рапсын агуулах, нэг бүр нь 3000 тоннын багтаамжтай үр хадгалах төмөр бетонон село хоёрыг барьжээ. Ийм сав дахиад арав орчмыг нэмж барихаар төлөвлөсөн гэж тус үйлдэрийнхэн хэлж байлаа. Харин үйлдвэрийн хашааны хойд талд нэг нь 500 тоннын багтаамжтай тосны агуулах хоёрыг угсарсан байна. Зураг төслөөр мөн  ийм  агуулах наймыг нэмж барина. Хэрэв эдгээрийг барьж дуусвал үйлдвэрлэлийн хүчин чадал гурав дахин нэмэгдэж, хоногт 300 тонн тослог ургамлын үр боловсруулах боломж бүрдэнэ гэдгийг үйлдвэрийн удирдлагууд хэлж байв. Тослог ургамлын үр боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж нь Герман, Швейцарь, Туркийнх аж. Үйлдвэрлэлийн шахах үйлдвэр нь Германых бол цэвэрлэх хэсэг  болон,  дамжлага хэсэг  нь Швейцарийн тоног төхөөрөмж юм.

IMG6153

Үйлдвэрийн бүхий л үйл ажиллагааг компьютерээр хянаж удирддаг. Бүрэн автоматжсан, евро стандартын энэ үйлдвэрт орон нутгийн 60 хүнийг ажлын байртай болгожээ. Тариалангийн бүс гэгддэг Төв аймаг болон Сэлэнгийн завсар байрладаг, төмөр зам, авто замтай холбогдсон учраас Баруунхарааг сонгож, үйлдвэрээ барьжээ. Түүхий эдээ хүлээж авах,  тээвэрлэлтэд санаа зоволтгүй учраас ашигтай ажиллах боломжтой гэсэн үг.

“Майнд теч” компанийн Санхүү хариуцсан дарга О.Түвшинбаяр “Германы гибрид сортын гурван төрлийн үр оруулан ирж, тариаланчдад зээлээр өгчээ. Энэ нь сайн чанарын үр бөгөөд газрын хөрсөнд сөрөг нөлөөгүй. Манай үйлдвэр герман сортын үрээр тарьсан рапсаар тосоо хийдэг. Рапс тарьж эхэлснээр Монгол орон сэлгээний тарималтай болсон. Манай улсын ургамлын тосны жилийн хэрэгцээ 26-30 орчим мянган тонн. Энэ жилийн хувьд 30 мянган тонн рапс авах төлөвлөгөөтэй байна. Герман рапсын үрийг хүнсэнд ашиглах бол хятад рапсаар биодизель хийнэ. Биднийг НӨАТ-аас чөлөөлж өгөх  хүсэлтийг засгийн газарт тавиад байна. Ингэвэл ургамлын тосоо илүү хямд үнээр, зах зээлд нийлүүлэх боломжтой болно. Үйлдвэрлэлийн нэгдүгээр үе шат ашиглалтад орлоо. Удахгүй хоёрдугааар үе шат ашиглалтад орно. Хүчин чадал ч гурав дахин нэмэгдэх боломжтой болно. Тэгэхээр БНСУ руу экпортлох тухай ярьж эхэлнэ” гэсэн юм.

IMG5991

Эхний ээлжинд жилдээ 90 мянган тонн түүхий тос үйлдвэрлэх тооцоо гарчээ. Үүнээс хориод мянган тонн ургамлын тос гаргаж авахаас гадна, арав гаруй мянган тонн биодизель үйлдвэрлнэ. Үйлдвэрээс гарах хоёр дахь бүтээгдэхүүн нь шахдас бөгөөд үйлдвэр ажиллаж эхэлснээр малынхаа тэжээлийг эх орондоо шийдэх боломжтой болох юм.

Үйлдвэрийн нэлтийн үеэр ХХАА-н сайд Р.Бурмаа “Импортыг орлох үйлдвэр ашиглалтад орсноор гадаад худалдааны тэнцэлд 30 сая ам.доллартай тэнцэхүйц хэмжээний эерэг нөлөө үзүүлэх тооцоо гарсан. Түүнчлэн уургийн агууламж өндөртэй тослог ургамлын шар тосыг эрчимжсэн мал аж ахуйн салбарт нийлүүлэх  боломж бүрдлээ. Ингэснээр малын тэжээлийн чанарыг сайжруулахад бодитой хувь нэмэр болно. Мөн зах зээлд арван сая ам.долларын тэжээлийн түүхий эд гаргах боломж бүрдүүлж байна.  Дэлхийн жишигт нийцсэн боловсруулах үйлдвэрийг хөдөө орон нутагт ашиглалтад оруулснаар ажлын байр шинээр бий болсон мэдээг сонсоод баяртай байна. Цаашид дотоодын үйлдвэрээ дэмжиж, ургамлын тосыг НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг салбарын яамны зүгээс шийдвэрлүүлэхээр Засгийн газарт санал оруулна” гэлээ.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …