Өмгөөлөгч П.Сарантуяа: Ерөнхий шүүгч 7 удаа хойшилсон Г.Буяндорж нарын хэргийг дахин хойшлуулахгүй гэдгээ мэдэгдсэн

Untitled-1_1Г.Буяндорж нартай холбоотой хэргийг шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд өчигдөр болох байсан ч хойшилсон юм. Энэ талаар хохирогч болох “Ноёд Констракшн” ХХК-ийн ерөнхий захирал С.Билэгтийн өмгөөлөгч П.Сарантуяагаас зарим зүйлийг тодрууллаа.

            -Шүүх хурал ямар шалтгаанаар хойшлов. Ер нь хэд дэх удаагаа хойшилж байна вэ?

            -Долоо дахь удаагаа хойшилж байна. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хугацаа 25 хоног байдаг. Гэтэл Г.Буяндорж нарт холбогдох хэрэг анхан шатны шүүхэд 2015 оны гуравдугаар сарын 26-нд буцаж ирсэн. Хэрэг шийдэх хуулийн хугацаа өнгөрөөд гурван сар болж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүх хурал “хийлгэхгүйн” төлөө янз бүрийн шалтгаан хэлдэг. Тэр бүгдийг нь шүүх хүлээж авч байгаа нь Г.Буяндоржид шүүх үйлчлээд байгаа мэт хардлагыг төрүүлж байна. Шүүхийн байгууллага хуулиндаа захирагдаж шүүх хуралдаанаа явуулах ёстой шүү дээ.

            Өнөөдрийн хувьд хэрэг хариуцаж байсан шүүгч Зоригт нь давж заалдах шатны шүүхэд шинэ ажилд томилогдсоноос шүүгч солигдсон. Гэтэл шинээр томилогдсон шүүгч нь хэргээ хүлээж аваагүй, шүүх хурал өнөөдөр өглөө болно гэдгийг мэдээгүй байсан гэх шалтгаан хэлж шүүх хурал эхлэх цагт танхимд шүүгчгүй сууж байсан. Бидний зүгээс гомдол гаргасны дагуу дүүргийн ерөнхий шүүгч Алдар орж ирж асуудалтай танилцаад, шүүх хурлын товыг 2015 оны 7-р сарын 9-ний 09 цагт хийхээр зарлалаа. Өмнөх зургаан удаагийн тохиолдолд шүүх хурал дандаа шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хүсэлтээр хойшилж байсан. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарт өөр шүүх хурал давхацвал урьдчилж хэлээрэй. Би зохицуулна гэж хэлсэн. Тиймээс шүүх хурал дахин хойшлохгүй хийгдэх нөхцөл бүрдлээ гэж ойлгож байна.

            -Хэвлэл мэдээллээр таны үйлчлүүлэгчийн талаар янз бүрийн мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Энэ талаар?

            -Манай үйлчлүүлэгчийн талаар сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр илт гүтгэсэн мэдээллийг захиалгатайгаар нийтлэх боллоо. Нэг л мэдээллээ олон сонин, сайтад давтаж нийтэлж байгаагаас харахад зохион байгуулалттай, захиалгатай гэдэг нь илэрхий байна. Энэ бол шүүгдэгч нарын зүгээс явуулж байгаа үйлдэл гэдэг нь ч тодорхой болсон. Өөрсдөө хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан бусдыг онц ноцтой хүнд гэмт хэрэгт гүтгэсэн гэдэг зүйл ангиар ял сонсож байгаа хүмүүс шүү дээ. Гэтэл энэ гэмт үйлдлээ давтсаар байна. Тиймээс бид Г.Буяндорж нарыг шүүхээр хэрэг шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд бусдын даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих хүсэлтийг тавиад байна. Өөрөөр хэлбэл, бусдын даалтанд байна гэдэг бол дахин хэрэг үйлдэхгүй байж байгаад хэргээ шийдүүлэх явдал. Гэтэл эдгээр хүмүүс гүтгэх гэмт хэрэгт холбогдсон мөртлөө дахин дахин хэвлэл мэдээллээр дамжуулан хохирогчийн эсрэг мэдээллийг гаргуулж байгаа нь гэмт хэргээ давтан үйлдэж байж магадгүй гэсэн хардлагыг төрүүлж байна. Тийм учраас цагдан хорих дараагийн арга хэмжээ авахаас өөр аргагүй нөхцөл үүссэн. Өнөөдөр шүүгч байхгүй байсан учраас энэ асуудлыг шийдвэрлэсэнгүй. Миний бие шүүгчээр 20 жил ажилласан хүн. Намайг шүүгч байх үед шүүгч нар хэргээ яаж зөв шийдэх вэ гэж ярьдаг байсан. Гэтэл одоо бол энэ зарчим алдагдаж, хэрэг шийдэгдэхгүй ямар нэгэн будлианд ороод байгаа нь харамсалтай байна.

            -Цаашид шүүх хурал хойшлохгүй гэж та үзэж байна уу?

            -Одоо шүүх хурлыг хойшлуулах ямар ч шалтгаан байхгүй. Г.Буяндорж иргэн Н.Эрдэнэбаатартай 10 жил заргалдаж, 27 удаа шүүх хурлыг хойшлуулсан байдаг. Энэ бол шүүхийн байгууллагаар тоглоом хийсэн үйлдэл гэж би үздэг. Ер нь ийм байдлаар хуулийг уландаа гишгэж сурсан этгээд. Бидний зүгээс дахин иймэрхүү үйлдэл гаргуулахгүй гэдгийг шүүхэд хатуу мэдэгдсэн. Хэрвээ шүүх хурлыг шалтаг тоочиж дахин хойшлуулах үйлдэл хийвэл бид хатуу тэмцэх болно. Дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч Алдар дараагийн хурлын товыг зарлахдаа “Энэ өдрөөс хойш дахин шүүх хурал хойшлох ямар ч шалтгаан байхгүй” гэж онцолж хэлсэн. Тиймээс хойшлохгүй байх гэж бодож байна.

У.Болд

www.breakingnews.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …