Охиндоо тендер өгдөг түшмэлийнхээ толгойг илсээр байх уу, Д.Баярбат дарга аа

5v4ibesg8hqkuk2hm4aqb1f230-Аав нь охиндоо тендер авч өгчээ-

Тендер зарлаж, дундаас нь мөнгө унагах, эсвэл хамаатан садандаа тендер авч өгөх моод төрийн албанд дэлгэрээд удаж буй. Тухайлбал, Н.Алтанхуягийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэн эхнэрийнхээ компанид 17 тэрбумын тендер авч өгсөн нь илэрч, шуугиан тарьж байв. Г.Дэнзэнгийн эхнэр экс Ерөнхий сайдын төрсөн эгчийн охин байсан билээ. Энэ хэргийг АТГ шалгаж буй бөгөөд одоогоор ямар нэг шийдвэр гараагүй байгаа.

Тэгвэл үүнтэй төстэй хэрэг Төв аймагт гарчээ. Тус аймгийн Аргалант сумын цэцэрлэгийн цэвэр усны нэгдсэн шугам сүлжээний шинэчлэлийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан байна. Сонгон шалгаруулалтад “Өрнөх цамхаг” компани шалгарч, гэрээ байгуулахаар болжээ. Гэтэл тус компанийн захирал нь Төв аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ү.Батчулууны охин байсан аж.

Хамгийн сонин нь “Аргалант сумын цэцэрлэгийн цэвэр усны нэгдсэн шугам сүлжээний шинэчлэлийн ажлыг гүйцэтгэх гэрээ”-нд талууд гарын үсэг зурж баталгаажуулахад захиалагч талыг Төв аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ү.Батчулуун дарга, гүйцэтгэгч талыг төлөөлж тус компанийн захирал Б.Номин нар үзэглэжээ. Нэг ёсондоо аав, охин хоёр гэрээнд эвтэй найртайгаар гарын үсэг зурж, түншилж ажиллахаар болсон байна.

Ү.Батчулуун албан үүргээ гүйцэтгэхдээ хувийн ашиг сонирхлыг хөндсөн гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө ашиг сонирхлын зөрчил үүссэн талаармэдэгдэл, тайлбар гаргаж, эрх бүхий албан тушаалтанд бичгээр мэдэгдэх ёстой байсан ч чимээгүйхэн гарын үсэг зурсан байна. Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8.1, 8.2, 8.6, 11.1 дэх заалтыг зөрчиж байгаа юм.

Авлигатай тэмцэх газраас Ү.Батчулууны албан тушаалыг бууруулах арга хэмжээ авахыг Төв аймгийн Засаг дарга Д.Баярбатад хаягласан албан тоот явуулжээ. Одоогоор албан бичгийн хариу ирээгүй байгаа юм. Тендертэй холбоотой энэ мэт маргаан илэрдэг ч тэгсхийгээд замхардаг. Төрийн албыг төрлийн алба болголоо гэх шүүмжлэл нийгэмд байдаг ч хамаатан саднаа ажил албанд оруулах, тендер авч өгөх явдал буурахгүй байгаагийн нэг жишээ энэ.

С.Заяа

www.eagle.mn

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …