Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2015-07-07/-ийн хуралдаанаар Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг дагалдан өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Аж үйлдвэрийн сайд Б.Эрдэнэбат танилцуулга хийхдээ, Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2014 онд оны үнээр 12.2 их наяд төгрөг болж өссөн хэдий ч энэхүү өсөлтөнд уул уурхай, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдэд тулгуурласан, технологийн агууламжгүй бүтээгдэхүүний үйлдвэрлэл ихэнх хувийг эзэлж байна. Түүнчлэн аж үйлдвэрийн гол салбар болох боловсруулах үйлдвэрлэлийн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ ДНБ-ний 8.9 хувийг эзэлж байгаа нь бусад орны боловсруулах үйлдвэрийн түвшинтэй харьцуулахад харьцангуй доогуур байгааг тэмдэглэв
Иймд манай орны хувьд технологийн хоцрогдлыг багасгах, үндэсний тэргүүлэх чиглэлийн технологиудыг дотооддоо шинжлэх ухаан, мэдлэгт тулгуурлан бий болгох, шаардлагатай технологийг гаднаас авч нутагшуулан, үйлдвэрлэлд нэвтрүүлэх улмаар эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхийн тулд судалгаа хөгжил, технологи хөгжүүлэх чиглэлийн хөрөнгө оруулалтыг аж үйлдвэрийн салбарт нэмэгдүүлэх, экспортын чиг баримжаа бүхий үнэ цэнэ шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих харилцааг зохицуулах “Үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийн төслийг боловсруулсан тухай сайд танилцууллаа.
Дараа нь гишүүд дээрх хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж улмаар санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.
Байнгын хорооны гишүүд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Хэлэлцэж буй хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж, тухайлбал,“ энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл, шаардлага хангасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгох”, “Албан татвар суутган төлөгч хоорондын бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрд төлбөрийн баримт олгох бөгөөд уг баримтуудыг дангаар эсхүл хамтатган нэмэгдсэн өртгийн албан татварын падаан баримт үйлдэнэ” гэсэн зэрэг заалт, хэсгийг өөрчлөн найруулж, төслийн “Нэгдсэн ба хэрэглэгчийн систем” гэсэн 17 зүйлийг өөрчлөн найруулсан байна. Үүнд, тухайлбал, нэгдсэн систем хариуцагч нь нэгдсэн системийн хэвийн үйл ажиллагааг хангах, хэрэглэгчийн системийн дамжуулсан мэдээллийг үндсэн системийн санд бүрэн, үнэн зөв нэгтгэх, эрх бүхий этгээдэд тайлагнах зэрэг үүрэгтэй байхаар тусгагджээ.
Үүнээс гадна хуулийн дагаж мөрдөх хугацааг 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс мөрдөх саналын томьёолол олонхын дэмжлэг авлаа.
Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээр товлосон байв. Гэвч УИХ дахь МАН-ын бүлэг уг асуудлаар ажлын 5 хоногийн завсарлага авах санал гаргасан тул хэлэлцүүлгийг хойшлуулав гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.