Үндэсний их баяр наадмын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төв цэнгэлдэхээс шууд дамжуулж буй МҮОНТВ-ийн нэвтрүүлэгт оролцов.
Урлагийн гавъяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Ж.Батбаярын хөтөлсөн уг нэвтрүүлгийн үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Монгол наадмын өөрийн онцлог гэж байдаг. Монгол наадам монгол газар нутгийн энгээр нэг болдог. Бүх хүн наадмаа хүлээдэг. Морио уядаг. Сайхан дээл хувцсаа бэлтгэдэг. Монгол наадам бол Монголын бахархал бүхний цогцлол юм.
Дээр үед монголчууд дайчин эрэмгий улс байсан. Сур харваа гэдэг тэндээс гаралтай зүйл. Морьгүйгээр монгол наадмыг төсөөлөх аргагүй. Бөхчүүдийн уран мэхгүйгээр төсөөлөх аргагүй. Унасан нь унадаг. Түрүүлсэн нь түрүүлдэг утгаараа шударга ёсны наадам юм. Үнэхээр монголчуудад заяасан наадам. Ийм наадамтай улс үндэстэн цөөхөн байдаг.
Дээр үед монголчууд их удаан нааддаг байж. Долоо хоногоор, сараар нааддаг. Монголчууд наадмаа хийвэл хавь ойрынхон нь амар амгалан байдаг гэж ярьдаг байсан. Уул, ус ч амгалан болдог.
Одоо олон газраас, олон хэлийн хүмүүс монгол наадмыг сонирхохоор ирдэг болсон байна. Тэр хүн бүхэн гэрэл зураг авч, видео бичлэг хийдэг. Санал сэтгэгдлээ дэлхий даяар шууд түгээж байна. Тэд монгол наадмыг гар утсаараа сурвалжилж дэлхий даяар тарааж байгаа. Дэлхий даяар тархан суурьшсан монголчууд хот хотдоо цугларч бас наадмаа хийж байгаа. Эрчүүдээ барилдуулаад, морины оронд хүүхдүүдээ уралдуулаад, бас төлөөлөл болгож сур харваад, ингэж нааддаг болсон байна. Одоо монгол хүнгүй газар гэж бараг алга болж. Монгол хүн очоогүй тив гэж алга болж. Монгол хүн байгаа газар болгонд наадам болж байгаа. Монгол наадмын онцлог нь энэ юм.
Ямар ч ажилтай байсан монгол хүн наадамдаа яардаг. Би өчигдөр, уржигдар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нартай гурван талт уулзалт хийж, БРИКС, ШХАБ-ын уулзалтад оролцсон. Бас Евроазийн холбоо гэж байдаг. Түүний дээд хэмжээний уулзалт боллоо. Гурван талт уулзалтаар 4 баримт бичиг баталсан. Гаалиар орж ирж байгаа зочин гийчин, барааг нэвтрүүлэх ажлыг хялбарчлах, Монголоос гадагш гаргах барааг мөн ингэж хялбарчлах гэх зэргээр хөрш гурван улс ямар чиглэлд яаж хамтран ажиллах вэ гэдэг чиглэлээ тогтож авлаа. Энэ жил хоёр дахь удаагаа уулзахад асар их ажил хэрэгч уулзалт болсон. Энэ сайхан мэдээг наадмаараа ард түмэндээ дуулгая. Хөршүүдтэйгээ сайхан харилцаатай байна гэдэг бол гайхамшигтай зүйл. Наадамдаа яараад өнөөдөр үүр цайх гэж байхад Монголдоо ирсэн. Тэгээд нэг нүдний хор гаргачихаад, хувцсаа сольчихоод наадамдаа ирлээ.
Яг үүн шиг монгол хүн бүхэн наадамдаа яардаг. Монгол наадам дандаа сайхан эрчим хүчийг түгээж байдаг. Байгаль дэлхий хүртэл баярлаж байдаг юм.
Манайд бүтээн байгуулалт өрнөж байна. Сүүлийн жилүүдэд том жижиг 180 гаруй үйлдвэр ашиглалтад орж, 20-30 мянган хүн шинээр ажлын байртай боллоо. Түүний хамгийн том жишээ бол уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн өргөтгөл юм. Эрдэнэт үйлдвэрийн хүчин чадал бараг гуравны нэгээр нэмэгдсэн.
Би анх энэ үйлдвэрт ажлын хувцас, ажлын малгай өмсөөд, үйлдвэрийн үнэрийг аваад, анхны 180 төгрөгийн урьдчилгаа аваад ээж, аавдаа цайны сүүтэй, хоолны махтай гүйж очиж байсан. Ийм сайхан дурсамж байдаг. Үүн шиг аймаг, сум бүхэн хийсэн бүтээсэн зүйлтэйгээр наадмаа угтаж байгаа. Тэр бүтээлч хүмүүс, түүнд гар, бие оролцсон хүмүүст баяр хүргэж наадмын мэнд дэвшүүлье” гэлээ.
Төрийн тэргүүн өнөөдөр мөн Телевизүүдийн холбооноос зохион байгуулсан шууд нэвтрүүлэгт оролцож монголчууддаа баяр наадмын мэнд дэвшүүлсэн юм.