Сэтгүүлч С.Баттулгыг суллахыг шаардан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хэвлэлийн хуралд МУСГЗ, шинжлэх ухааны доктор (Sc.D) М.Зулкафиль, МСНЭ-ийн Цахим мэдээллийн үндэсний төвийн дарга Ж.Жаргалсайхан, “Глоб интернешнл төв” ТББ-ийн тэргүүн Х.Наранжаргал, “Үнэн” сонины эрхлэгч Д.Ганболд, МУСГЗ сэтгүүлч Б.Ганчимэг, TV5 телевизийн захирал Э.Дагиймаа нар оролцож, өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.
INFO.MN сайтын сэтгүүлч С.Баттулгыг энэ сарын 9-нд шүүх танхимаас Ганц худаг руу ачиж олон хоног хорих шийдвэр гаргасан юм. Энэхүү үйлдэл нь сэтгүүлчийн мэдээлэл олж авах, түгээх эрх чөлөөнд ноцтой халдсан, Ардчилалын амин чухал зарчмын эсрэг үйлдэл хэмээн хэвлэлийн хуралд оролцогсод онцоллоо. Мөн Монгол Улсад хэвлэлийн эрх, эрхчөлөө жилээс жилд муудсаар байгаагийн нотолгоо нь баримттай, эх сурвалжтай мэдээлэл түгээснийх нь төлөө сэтгүүлчийг цагдан хорьж байгаа энэ үйлдэл харуулж байна гэдгийг ч хэлсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид нэгдэн “Сэтгүүлчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд саад хийхээ зогсоо, Сэтгүүлчийг сулла” хөдөлгөөн өрнүүлээд байгаа бөгөөд холбогдох албан тушаалтан, байгууллагуудад шаардлага хүргүүлж байгаа юм байна. Мөн өнөөдөр Шүүхийн Ерөнхий зөвлөлд шаардлага хүргүүлж, тухайн үеийн шүүх хурлын бичлэгийг олон нийтэд түгээхийг ч мөн шаардаж байгаа юм.
Сануулахад сэтгүүлч С.Баттулга нь “Ноёд” ХХК-ийн маргаан, захирал С.Билэгт гэгчийн талаар эх сурвалжтай мэдээлэл түгээснийх нь төлөө хохирогчийн өмгөөлөгч гэх Сарантуяагийн “Дахин хэвлэлээр гүтгэх гээд байна. Тиймээс хорьж өг” гэсэн хүсэлтийн дагуу Эрүүгийн нэгдүгээр шүүхийн шүүгч н.Батжаргал ийнхүү цагдан хорих шийдвэр гаргасан юм.
Мөн Баянзүрх дүүргийн шүүх, Ерөнхий прокурор, Хууль зүйн яаманд шаардлага хүргүүлж байгаа бөгөөд маргааш буюу энэ сарын 17-ны 11:00 цагт Баянзүрх дүүргийн шүүхийн гадаа тайван жагсаал хийхээр болсон байна.
Эх сурвалж: www.ontslokh.mn