Давхар дээлийг хамгийн их эсэргүүцэж байсан гишүүн өдгөө “давхар дээл” нөмрөөд хэдэн сарыг ардаа үдлээ.
Энэ бол УИХ-ын гишүүн, ХХАА-н сайд Р.Бурмаа юм. Нэг хэсэг экспорт, импортоо ялгаж салгахгүй тариалан эрхлэгчиддээ “салбарын ажлаа мэддэггүй сайд”-аараа цоллуулж байсан тэрбээр саяхан бас дахин “онигоо”-нд оров.
Улс хоорондын хамтарсан хэлэлцээрийг танилцуулах арга хэмжээний үеэр салбарын яамны зохион байгуулагч нөхдүүд нь “Бизнес” гэдэг үгийг алдаатай бичиж сайдынхаа “бөгсийг улалзуулжээ.”
Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийг хүнс хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчдэд танилцуулах арга хэмжээг зохион байгуулах үеэрээ ийн алдаа гаргасан нь цахим ертөнцийн шүүмжлэлийн гол сэдэв болоод байна.
Дотоодын нийт бүтээгдэхүүний гол судсыг атгадаг салбарыг удирдаж яваа сайд, хамт олон нь хоёр улс хоорондын томоохон үйл ажиллагаанд ийн зохисгүй алдаа гаргачихаад яаж бизнес утгаар нь хөгжүүлэх тухай яриад сууна вэ?
Дотоодод нөөц боломж байсаар атал ОХУ-аас буудай импортлох зөвшөөрөл олгож “балагтаж” байсан сайд наадмаар Төрийн нарийн бичгийн даргатайгаа Хүй долоон худагт өргөө барьж эгээ л хаан, хатан хоёр шиг хоймор бараадан “тансаглаж” суусан нь олны дургүйцлийг төрүүлжээ.
Г.Эрдэм