Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл БНХАУ-ын Женерал Электрик Глобал Гроф Оперэйшн Монгол компанийн Санхүү хариуцсан захирал Тү Мин болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар 2013 онд байгуулсан санамж бичгийн хүрээнд хийгдсэн ажлын урьдчилсан тайлангийн талаар ярилцаж, Улаанбаатар хоттой эрчим хүч, сэргээгдэх болон дижитал эрчим хүч, ус дахин ашиглах чиглэлээр хамтран ажиллах тухай ярилцав. Мөн эрүүл мэндийн салбарт, нүүрсний хийжүүлэлтэд тулгуурласан цахилгаан үйлдвэрлэлийг хөгжүүлэх, станц барьж байгуулах боломжийг судлах болон санхүүгийн үйлчилгээний чиглэлд хамтран ажиллахаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмнө дахин уулзаж байгаадаа таатай байна. 2013 онд санамж бичиг байгуулснаас хойш чамгүй хугацаа өнгөрсөн байна. Судалгааны дүнг урьдчилсан байдлаар сонсоход таатай байна” гэлээ.
Харин ноён Тү Мин “Өнөөдөр надтай хамт санхүүгийн чиглэлийн мэргэжилтнүүд ирсэн байна. 2013 онд байгуулсан санамж бичгийн хүрээнд эхний судалгаагаа хийгээд дууссан. Тухайлбал, Салхитад байрлах анхны салхин паркад хөрөнгө оруулалт хийж салхин сэнснүүд нийлүүлсэн. Одоогоор ашиглалтад ороод зорилтот түвшиндээ хүрч эрчим хүч үйлдвэрлэж байна. Мөн өөр хоёр салхин парк ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Салхин паркууд ашиглалтад орсноор Улаанбаатар хотод эрчим хүч нийлүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж бодож байна. Улаанбаатар хоттой үүнээс гадна маш олон чиглэлээр хамтарч ажиллах бололцоотой гэж үзэж байгаа” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Бид тогтвортой “Ногоон хөгжил”-ийн стратегийн баримт бичгийг боловсруулсан. Мөн “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг боловсруулаад багагүй ажлыг эхлүүлсэн. Харин эрүүл мэндийн чиглэлээр олон газруудтай эрүүл мэндийн мэндийн үйлчилгээг сайжруулах тал дээр хамтран ажиллаж байгаа. Энэ чиглэлүүд болон бусад чиглэлээр цаашдаа хамтран ажиллах боломжтой” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.