Энэ сарын 16-ны оройн 15 цагаас 15:30 минутын хооронд түр зуурын дуу цахилгаантай усархаг борооны улмаас Баруун сайхан уулын үер хүчтэй бууж, үерийн далан урд хэсгээрээ сэтэрсний улмаас Далангийн гол орчмоор үерийн урсгал ширүүсэн Ногоочид, Зүүнсайхан, Дундсайхан, Баруунсайхан, Жаргалант, Оюут хорооллыг дайрч өнгөрлөө.
Үерийн ус замдаа дайралдсан айл, аж ахуйн нэгж, дэлгүүр, засварын газрыг усанд автуулж, их хэмжээний хохирол учруулсны дээр эдгээр хорооллууд тэр чигээрээ гэр хороолол тул үерийн урсгал бохирын цооног, нүх бүрийг халиаж, хотын төврүү орж ирсэн. Улмаар өтгөн шингэн бохир холилдсон үер зарим орон сууцны хонгилыг дүүргэн эргэн тойрондоо бохир шалбааг болсон төдийгүй халдварт өвчин дэгдэх зайлшгүй байдал үүссэн түгшүүртэй өглөөг хотынхон угтлаа.
ОБГ-ыхан орц хонгилын бохир усыг шөнөжин соруулаад ч бараагүй бага үдийн орчимд биднийг очиход мөн л ажлаа үргэлжлүүлж байлаа. Гол нь энэ удаагийн үер илүү өргөн хүрээг хамарч илүү хүчтэй урсан орж ирсэн нь бүтээн байгуулалт дэд бүтэц учир дутагдалтай хийгдсэнээс үүдэлтэй хэмээн иргэд бухимдлаа илэрхийллээ.
Үер буусны маргааш буюу өнөөдөр хэд хэдэн газраар тойрч явахад олон бүтээн байгуулалтын чансааг харуулсан үйл явдал өрнөж, тухайлбал, үерийн урсгал газарт 300 сая төгрөгийн өртөгөөр үерийн ам хааж барьсан “Ахуй үйлчилгээний төв”-ийн барилга байгууламжаас болж Дундсайхан, Оюут хорооллын айл өрх, аж ахуйн нэгжүүд ташраараа шахам усанд их хэмжээний хөрөнгөө сүйдлүүлжээ. Олон арван жил үерт өртөлгүй аж төрсөөр байдаг энэ хорооллынхон анхнаасаа уг төвийг барихад үерийн ам газар хэмээн сануулсан ч эс тоож тус төвийг байгуулжээ. Гэтэл үүний балгаар үерийн урсгал чигээрээ өнгөрдөг байсан зам боогдсоны улмаас эргэн хальж, дээрх хорооллынхныг нэрвэжээ. Нөгөөтэйгүүр тус төвийн барилга дотор түрээсээр суудаг ажилчид мөн л дор дороо бухимдаж угтав. Арын хорооллынхон усанд автсанаас бухимдаж, шаврыг зайлуулах гэж байгаад Ахуй үйлчилгээний төвийн барилгын цэвэр усны цооногыг цоолж, эрчим хүчийг тасалдуулсан байна. Ингээд тус төвийнхөн мөн л усанд автаж, 40 лангууны олон сая төгрөгний бараа нь эрсдэлд ирлээ. Дээрээс уг төвийн барилга жаахан бороо ороход хаа сайгүй гоожиж, ашиглалтад ороод 3 сар ч болоогүй засвар хийгдсэн гээд хугацаандаа татвар төлбөрөө төлдөг тэдний хувьд ажиллах таатай, эрүүл орчин бүрдэж чадахгүй байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн Цагдаагийн газраас өгсөн мэдээллээр үерийн усны улмаас шавар шалбааг ихсэн, хальтиргаа гулгаа ихэссэнээс үүдсэн зам тээврийн осол 10 гаруй гарсан талаар мэдээлж, ард иргэд жолооч нарт сонор сэрэмжтэй явахыг зөвлөсөн юм.
Тэгвэл аймгийн ОБГ-аас ирэх 3 хоногт мөн л дуу цахилгаантай, түр зуурын бороотой тул ард иргэд сэрэмжлүүлэг мэдээг тогтмол авч, үерийн аюултай бүс нутгаас нүүх, уулын хавцал, давчуу ам, сайр, жалганаас хол явах, амралт зугаалгатай холбогдуулан баталгаатай тээврийн хэрэгслээр зорчихыг сануулав.
Харин аймгийн ЭМГ-аас үерийн усанд хүүхэд багачуудаа тоглуулахгүй байх, айл өрх иргэн бүр дор бүрнээ халдваргүйтлийн өндөр түвшинд ариутгал хийлгүүлэх, аймгийн хэмжээнд нэгдсэн байдлаар хийгдэж ариутгал халдваргүйтлийн аянд идэвхтэй оролцохыг зөвлөсөн юм. Өнөөдөр аймгийн Онцгой комисс хуралдсан бөгөөд гамшгийн үед авах арга хэмжээний талаар ажил эрчимжүүлж, халдварт өвчин дэгдэхээс сэргийлэх, гамшгийн бэлэн байдалд шилжих, хохирлын хэмжээг нарийвчлан тогтоох зэрэг арга хэмжээг холбогдох газрууддаа үүрэг болголоо.
Өмнөговь С.Сумьяа
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг