Авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажил энэ сарын 31-нд дуусах гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн татварын газрын Татвар хураалтын хэлтсийн дарга Б.Ганболдтой ярилцлаа.
-Авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлын явц ямар байна вэ?
-Авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлыг гуравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 31-н хүртэл гурван сарын хугацаанд хийж дуусгах захирамж гарсан.
Энэ захирамжийн дагуу зургаадугаар сарын 10-24-нд Нийслэлийн замын цагдаагийн газар, Нийслэлийн татварын газар хамтран хяналтын үзлэг шалгалт хийнэ.
Одоогоор оношилгооны дөрвөн цэгт Улаанбаатар банк, татварын албаныхан ажиллаж байна. Энд оношилгоонд орчихоод нэг цэгийн үйлчилгээгээр татвараа төлж, бүх үйлчилгээгээ авч болно гэсэн үг.
Мөн татварын есөн цэгт Улаанбаатар банкны салбар ажиллаж байна.
-Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад татвар хураалтын явц хэр байна вэ. 2012 онд нийт хэчнээн
төгрөг улсад төвлөрүүлэв. Энэ жил хэдэн төгрөг төвлөрүүлэхээр ажиллаж байна вэ?
-Ер нь л өнгөрсөн жилийнхтэй ойролцоо явж байна. Өнгөрөгч онд Нийслэлийн татварын газар авто тээврийн хэрэгслийн албан татвараас 15 тэрбум төгрөгийг замын санд оруулсан бол энэ жил 16 тэрбумыг бүрдүүлэхээр ажиллаж байна.
-Татвар хураалтын явцад гарч буй хүндрэл бэрхшээл юу байна вэ?
-Иргэдийн нэг хэсэг нь хуулийн хугацаандаа, ачаалал багатай үед татвараа төлж байна. Харин зарим нь энэ сарын эцэст бужигнана.
Тиймээс хуулийн хугацаандаа багтааж татвараа төлөх нь чухал гэдгийг хэлмээр байна. Энэ нь иргэдэд өөрсдөд нь бухимдал, чирэгдэл үүсгэхгүй.
-Хуулийн хугацаандаа татвараа төлөөгүй бол яах вэ?
-Тээврийн хэрэгслээ унаад, Улаанбаатар хотын замын сүлжээг ашиглаж буй хэрнээ хуульд заасан татвараа төлөөгүй бол ЗЦГ, Нийслэлийн татварын газар хяналтын үзлэг, шалгалтаар илрүүлж, гурвалжин наалтгүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй.
Хэрвээ хөдөлгөөнд оролцвол шууд журамлаж, захиргааны арга хэмжээ авна. Энэ дашрамд хэлэхэд татвараа хугацаанд нь төлөөгүй иргэдийн тоо жил ирэх тусам багасч байна.
-Авто тээврийн хэрэгслийн албан татварын мөнгийг юунд зарцуулдаг юм бол?
-Шууд замын санд ордог. Замын сангаар нийслэлийн замын сүлжээг сайжруулдаг. Нийслэлийн зам жил ирэх тусам сайжирч байгааг жолооч нар харж байгаа шүү дээ.
Татвараа төлөх нь хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах, замаа өргөсгөж засахад оруулж буй хувь нэмэр юм. Хамгийн гол нь өөрөө өөртөө оруулж буй хөрөнгө оруулалт гэдгийг хэлмээр байна.
-Харин агаарын бохирдлын төлбөрийг хаана зарцуулж байна вэ?
-Энэ мөнгө улсын төсөвт ордог. Ингээд эргээд агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд зарцуулдаг.
-Заавал гуравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 31-н хүртэл төлөх гэдгийн учир юу вэ. Жилийн дөрвөн улиралд татвараа төлж болдоггүй юм уу?
-Авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн жил бүрийн албан татварыг зургаадугаар сарын 1-ний дотор авч дуусна гэж хуульчилсан байдаг.
Энэ нь дулааны улиралд төвлөрсөн мөнгөөрөө замаа засдагтай холбоотой. Харин ирэх жилийнхээ татварыг үүнээс хойш төлж бололгүй яах вэ.
-Оношилгоонд тэнцээгүй, огт хөдлөхөө больсон авто машинаас татвар авах уу?
-Хөрөнгийн татвар учраас засвартай байсан ч татвараа бүтэн төлөх үүрэгтэй.