Үндэсний их баяр наадам гурав хоногийн дараа болно. Төв цэнгэлдэх хүрээлэнд нэвтрэх, наадмын билет Соёлын төв өргөө, Бөхийн өргөөгийн кассаар зарагдаж эхэлсэн ч олдоц муутай байгаа ажээ. Соёлын төв өргөө, Бөхийн өргөөгийн кассаар билетийг өчигдөр, өнөөдөр, маргааш бүтэн гурван өдөр хуваан борлуулахаар Наадмыг зохион байгуулах комисс шийдвэрлэсэн ч өчигдөр, өнөөдөр 10:00 цагаас борлуулагдсан билет нэг цаг гаруйханы дараа дууссан байна. Билетийг маргааш 10:00 цагаас борлууласнаар дуусгавар болох аж.
Наадмын билет олдоц муутай байгаа нь билетийг бөөнөөр нь худалдаж авч, шагчидын гарт очсонтой холбоотой гэж иргэд тайлбарлаж байна. Соёлын төв өргөөний гадаа маргааш 10:00 цагаас билет авахаар өнөөдөр өглөөний 10:00 цагаас билет худалдаж авч чадаагүй иргэд оочирлож эхэлсэн байлаа. Тэдний дунд наадмын билет авахаар шагчид ч олон байгааг иргэд дуулгаж байв. Наадмыг зохион байгуулах комисс танил тал, ойр тодны хүмүүстээ их хэмжээгээр нь билетийг өгсөнтэй холбоотойгоор билетний үнийг хөөрөгдлөө гэх иргэд ч байв.
Билетний үнэ 16 000, 20 000, 24 000 төгрөгийн үнэтэй борлуулагдах ёстой ч, шагчид нэг билетийг 60 мянган төгрөгөөр зарна гэж байлаа. Суудлаасаа хамаарч зарим билетний шагийн үнэ 100.000 төгрөгт хүрсэн байна.
Т.Түвшин
Ugluu.mn