Маргааш өглөөний 06:30 цагаас эхлэн “Автобус-1” компаний 400 орчим жолооч, кондуктор ажил хаялт зарлахаар болжээ.
Энэ талаар “Автобус-1” компаний ҮЭ-ийн дарга Н.Баттөрөөс тодрууллаа. Ажил хаялт зарлах болсон нь байгууллагын удирдлагуудын ажилчдын цалингаас хууль бусаар шимтгэл авч байгаатай холбоотой юм байна. Тодруулбал, Компаний удирдлагууд үйлдвэрчний эвлэлтэйгээ хамтран ажиллахаас татгалздаг бөгөөд ажлын дотоод журмыг зохицуулах “Хамтын гэрээ”-г одоо болтол байгуулаагүй. Мөн ажилчдын 3,4-р сарын цалин дээрээс Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалд 20%-ийг суутгасан /хуулийн дагуу 10% суутгах ёстой/, жолооч нараас түлшний өр гэж цалин дээрээс суутгадаг ажээ.
Үүнээс гадна жолоочийн хариуцлагын даатгалд нэг хүнээс 33 мянган төгрөг авах ёстой байтал цалин дээрээс нь шууд 120 мянган төгрөг суутгасан байж. Энэ мэтчилэн удирдлагуудын хууль бус үйлдлээр ажилчдаасаа 20 гаруй сая төгрөгийг суутгаж аваад байгаа юм байна.
Үйлдвэрчний эвлэл болон ажилчдын зүгээс өнгөрсөн 4-р сараас эхлэн удирдалгууддаа тэдний хууль бус үйлдэл болоод “Хамтын гэрээ”-ээг шинэчлэн байгуулах талаар хүсэлт тавьж, хамтран ажиллахаар хандсан ч ямар ч хариу өгөлгүй өдийг хүрчээ. Тиймээс ажилчид маргаашнаас эхлэн тэмцлийн сүүлийн хэлбэртээ шилжиж байгаа ажээ.
АВТОБУС НЭГ ОНӨҮГ-ЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ГИШҮҮД, АЖИЛЧИД АЖИЛ ХАЯЛТ ХИЙХЭЭ МЭДЭГДЭЖ БАЙНА
Автобус нэг компани нь 600 гаруй ажиллагсадтай үүнээс 400 гаруй жолооч кондукторууд ажилладаг билээ. Нийслэлийн тээврийн газрын жолооч, кондукторууд нь хөдөлмөрийн хэвийн бус /хөдөлмөрийн хүнд/ нөхцөлд ажилдаг. Гэтэл жолоочийн үндсэн цалин 445.000 төгрөг, кондукторын үндсэн цалин 350.000 төгрөгийн цалинтай. Автобус нэг компанийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос захиргаандаа 4-р сараас эхлэн Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, цалин хөлс нэмэгдүүлэх, ажилчдын даатгалын хохирлыг барагдуулах, ээлжийн амралтын хоног, мөнгө дутуу бодох, ажилчдын цалин хөлснөөс хууль бус суутгал хийх, жолооч нараар түлшний өр төлүүлэхгүй байх, үндсэн хууль зөрчиж кондукторыг нэгжихгүй байх талаар удаа дараа албан тоот хүргүүлж шийдвэрлэх гэсэн боловч захиргааны зүгээс хүлээн аваагүй.
Дээрх маргааны асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллага болон нийслэлийн удирдлагуудад санал, хүсэлт, шаардлага хүргүүлсэн ч арга хэмжээ авч ажлаагүй учир хуулийн дагуу гишүүд, ажилчид хурлаа хийн ажил хаях шийдвэрээ гаргасан. Ажил хаялтыг 2013 оны 07 дугаар сарын 10-ний өглөө 06.30 цагаас эхлэн хугацаагүйгээр ажил хаяхаа мэдэгдэж байна.
АВТОБУС НЭГ ОНӨААТҮГ-ЫН ҮЙЛДВЭРЧНИЙ
ЭВЛЭЛИЙН ХОРОО
Л.Бадрах