????????????????????????????????????

Б.Хаш-эрдэнэ: Эх орноо төлөөлж байгаа учраас сүр жавхлантай алхах ёстой

????????????????????????????????????

БНХАУ-ын Бээжин хотын төв талбайд болох Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаалд Монголын цэрэг эрс оролцохоор бэлтгэлээ базааж байна. ОХУ-ын Москва хотын Улаанталбайд болсон Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд Монголын цэрэг эрс оролцсон цаг саяхан. Тэгвэл БНХАУ-аас Монголын Зэвсэгт хүчний төлөөллийг цэргийн ёслолын жагсаалд оролцох хүсэлтийг Монгол Улсын Батлан хамгаалах яаманд ирүүлсний дагуу цэрэг эрс бэлтгэлдээ гарчээ. Энэ тухай ЗХЖШ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Хаш-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрээр Бээжин хотын төв талбайд Монгол Зэвсэгт хүчний цэргийн ёслолын жагсаалын командлагчаар алхах бөгөөд урьд нь ч  гэсэн Улаанталбайд алхсан цэрэг эрсийн бэлтгэлийг хангаж ажилласан нэгэн.

-Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд Монголын Зэвсэгт хүчний төлөөлөл оролцохоор бэлтгэлдээ гарлаа. Бэлтгэлийн явц хэр байна. Жагсах залуусаа цэргийн ангиудаас сонгон шалгаруулж авсан гэсэн үү?

-ЗХЖШ-ын даргын тушаалаар сонгон шалгаруулалт зарлаад жагсаалд оролцох бүрэлдэхүүнээ сонгоод дууссан. Өдгөө шалгарсан залуус маань бэлтгэлээ базаагаад завгүй байна. Сонгон шалгаруулахдаа Улаанталбайд алхсан бүрэлдэхүүнийг сонгосон шиг биеийн өндөр, жагсаалч байдал зэрэг олон зүйлийг харгалзсан байгаа.

-Улаанталбайд алхсан бүрэлдэхүүнээс хэд нь Бээжингийн төв талбайд алхах бол. Өмнөх бүрэлдэхүүнээ тэр чигт алхуулж яагаад болоогүй юм бэ?

-Бид давчуу цаг үед хийх бэлтгэлээ бодоод хуучин бүрэлдэхүүнээрээ жагсч болно. Гэхдээ Монголын Зэвсэгт хүчин идэр чийрэг, хүчирхэг, цог золбоо нь бадарсан залуусаар дүүрэн газар. Аль ч ангиас 70 хүний хайрцаг гараад жагсч чадна. Энэ утгаар залуусаа сэлбэж аль болох олон залуусыг хоёр том гүрний төв талбайд жагсаасай гэсэндээ сонгон шалгаруулалт зарласан. Улаанталбайд цэргийн ёслолын жагсаалд алхсан Улаанбаатар цэргийн хүрээний ангийн 20 орчим залуус  жагсана.

-Жагсаалд оролцох үндсэн бүрэлдэхүүн нь хэд юм?

-ОХУ-ын Москва хотын Улаанталбайд 70 цэрэг эр хайрцаглаж алхсан. Харин энэ удаа 76 хүн хайрцаглаж алхана. Ер нь Зэвсэгт хүчний анги бүрээс төлөөлөл оролцож байна. Хилийн цэргийн ерөнхий газраас 27 залууг сонгон шалгаруулаад явуулсан ч яг өнөөдрийн байдлаар 14 нь тэнцэж бэлтгэлдээ гарсан. Бэлтгэл даах чадвар, эрүүл мэндийн шалтгаанаас хасагдах асуудал байгаа. Хугацаат цэргийн тухайд таван залуу оролцож байна.

-Бэлтгэлээ хэдий хугацаанд базааж дуусах вэ. Та бүхэн хэзээ БНХАУ-ыг зорихоор төлөвлөж байна?

-Үндсэндээ сар гаруйн хугацаанд бэлдэхээр байна. Улаанталбайн цэргийн ёслолын жагсаалд оролцохдоо хоёр сар гаруй бэлдэж байсан бол энэ удаа сар гаруй хугацаанд бэлтгэлээ хангаж байна. Урьдчилан төлөвлөж байгаагаар энэ сарын 15-нд жагсаалын бүрэлдэхүүн БНХАУ-ыг зорино. Очоод 6 удаагийн хамтарсан бэлтгэл хийнэ.

-Бэлтгэл чамгүй хүнд байдаг тухай сонсч байсан юм байна. Гурван кг элс хөлөнд зүүлгээд алхуулдаг гэсэн үү?

-Хамгийн наад зах нь хоёр цаг хөдөлгөөнгүй зогсч чаддаг байх ёстой. Үүний тулд хөлний дасгал, бэлтгэлийг янз бүрээр хийлгэх нь бий. Цэргийн алба хаагч оролцсон арга хэмжээнд манайхан хамгийн түрүүнд зогсчихоод хүлээж байдаг шүү дээ. Түүн шиг Бээжин хотын төв талбай дахь цэргийн ёслолын арга хэмжээ эхлэх хүртэл хугацаа урт. Хоёр цаг зогсчихоод шууд баруун тийш эргээд алхах учраас бэлтгэлээ сайтар базаах нь зүйн хэрэг. Ер нь хүн буруу зогсвол ухаан алдаж унахад  тавхан минут л хангалттай. Улаанталбайн цэргийн ёслолын жагсаалын үеэр гадаадын олон цэргүүд ухаан алдаж унасан шүү дээ. Энэ нь зогсох чадвараас эхлээд сэтгэл санааны тогтвортой байдал ч хамааралтай. Иймээс бид ЗХЖШ-ын даргын өгсөн үүргийн дагуу хүн бүрийн бэлтгэл, эгнээний бэлтгэл, салааны бэлтгэл, салбарын бэлтгэл гээд үе шаттай ажиллана. Одоогийн байдлаар эгнээний бэлтгэлээ дуусгаад салааны бэлтгэлдээ орж байна. Эцэст нь хэлэхэд хоёр цаг гаруйн хугацаанд ямарч хөдөлгөөнгүй номхон зогсоод дараа нь шууд ёслолын жагсаалаар алхаад явна гэдэг хүнд шүү.

-Бээжин хотод очиж жагсах талбайгаа судалсан гэсэн үү?

-Хятадын талаас жагсаалын ая, ноот, хайрцагны эгнээ, хоорондын зай, хөл тавилтын холын зай, хурд гээд бүгдийг нь нарийвчлан өгсний дагуу бэлдэж байна. Гэхдээ мэдээж Монголын Зэвсэгт хүчин өөрийн онцлогоо тусгаад алхана. Харин талбайн хэмжээний хувьд том. Талбайн 820 метр зайд нь алхана. Бид Улаанталбайд 280 гаруй метр зайд алхсантай харьцуулахад том учраас бид  Зэвсэгт хүчний дугаар ангийн нисэхийн талбайд бэлтгэлээ хангаж байгаа. Энэ нь нэг км орчим алхана гэсэн үг. Цаг агаарын хувьд бөгчим халуун байна лээ. Залуучуудаа цаг агаарт нь дасгахаас эхлээд бэлтгэх зүйл олон байна. Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Амгаланбаатар, Батлан хамгаалах яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр нарын удирдлагууд бидний бэлтгэлд заавар зөвөлгөө өгч удирдан ажиллаж байгаа.

-Бээжин хотын төв талбай дахь цэргийн ёслолын жагсаалд гадаадын 16 орны цэрэг эрс оролцох мэдээ бий. Манай урд болон хойно аль орны цэргүүд жагсах бол. Тодорхой болсон уу?

-Тодорхойгүй байна. Ямар ч байсан Хятадын цэргийн ёслолын жагсаалын дараа гадаадын цэрэг эрсийн жагсаал эхлэх юм билээ.

-Манай бүрэлдэхүүн ямар хувцастай оролцох вэ?

-Улаанталбайд ногоон хувцастай оролцсон бол энэ удаа бид ёслолын саарал хувцастай алхана. Зарим иргэд сошиалаар хромон гутал өмссөнгүй гэдэг. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм заавар гэж бий. Энэ дүрэм журмын дагуу л формоо өмсөнө.

-Та Улаанталбайд алхсан бүрэлдэхүүний бэлтгэлийг хангаж ажилласан. Энэ удаа ч гэсэн хариуцлагатай бөгөөд хүндтэй үүрэг танд иржээ?

-Энэ бол маш их хариуцлага бөгөөд хувь хүмүүсийн хувьд нэр хүндний асуудал юм. Бид дугаар ангийг төлөөлж явсангүй. Зэвсэгт хүчнээ , Эх орноо, Монгол Улсаа төлөөлж байгаа учраас бид ямар ч алдаа гаргах эрхгүй. Цэрэг эрсийн жагсаалаас тухайн орны цог золбоо нь харагддаг учраас жавхаалаг, золбоолог, сүр жавхлантайгаар алхах ёстой. Энэ л даалгавар оролцож байгаа бүх цэргийн алба хаагчдын тархинд байна.  Бид хичээх болно.

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …