Монгол Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2015.08.06.Пүрэв гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 35 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.
Ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Наранхүү танилцуулсан.
Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Ц.Даваасүрэн, С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Ё.Отгонбаяр нарын гишүүд асуулт асууж, саналаа хэлэв. Гишүүд, хэрвээ татвараа төлөөгүй, нуусан, далд байгаа хөрөнгөө мэдүүлсэн хуулийн этгээдийг хариуцлагаас чөлөөлж байгаа юм бол шударгаар татвараа төлөөд явж байгаа ААН-үүдээ урамшуулах шаардлагатай. Мөн хуулийн төсөлд 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнөх хугацаанд татварын болон нэр бүхий найман хуулийн хүрээнд ил тод байдлыг дэмжиж, бүртгэлд хамрагдаагүй, албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлөхөөр тусгасан байна. Эдгээр найман хуульд Авлигын эсрэг хуулийг хамааруулсан нь уг хуулийн дагуу хөрөнгө орлогоо мэдүүлдэг төрийн болон улстөрийн албан хаагчдыг хариуцлагаас чөлөөлөхөөр байгаа нь зохимжгүй байна. Тиймээс уг хуулийн төслийн хариуцлагаас чөлөөлөх хуулиудаас Авлигын эсрэг хуулийг хасах саналтай байгааг хэлж байв.
Гишүүдийн асуултад Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор хариулахдаа, уг хууль нь эдийн засаг хүндрэлтэй үед далд эдийн засгаа ил болгож, татварын бааз сууриа өргөжүүлэх зорилготой. Байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийх явцад дээрх асуудлууд яригдсан. Гэвч байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонхийн саналаар дэмжигдээгүй. Тиймээс нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийхдээ санал хураах явцад дээрх дэмжигдээгүй саналыг олонхиороо дэмжсэнээр дахин хэлэлцэх боломжтой юм гэлээ.
Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Зарчмын зөрүүтэй санал хураах явцад байнгын хорооны дэмжээгүй санал болох Х.Болорчулуун гишүүний гаргасан хуулийн төслийн 4.1.7 дахь заалтыг хасах буюу Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн хариуцлагаас чөлөөлөхөд хамаарагдах найман хуулиас Авлигын эсрэг хуулийг хасах санал олонхийн дэмжлэг авсан юм.
Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын өргөн барьсан “Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.