Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны хүрээнд есөн дүүргийн 152 хороонд 51 ажлын хэсэг ажиллаж байгаа юм. Ажлын хэсгүүд аж ахуйн нэгж, иргэдийн цэвэрлэгээ, ногоон байгууламж, тохижилтын ажилд үнэлгээ үүрэг даалгаврыг биелүүлээгүй газруудад 2015.05.25-ны өдрөөс “Гахай”, ахиц дэвшил гаргасан газруудад “Смайл” наалт нааж эхэлсэн.
Болзолт уралдааны хугацаанд ажлын хэсгүүд давхардсан тоогоор 73033 байгууллага, аж ахуйн нэгжийг шалгаж, 9.6 тэрбум төгрөгийн тохижилтын ажил, 144.8 га талбайд цэвэрлэгээ, угаалга, 23.4 га талбайд ногоон байгууламж хийлгэсэн. Нийт 2186 аж ахуйн нэгжийн тохижилтыг үнэлж “Смайл”, 1368 байгууллагад “гахай” наалт наасан юм. Өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй 16 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр хугацаагаар, 1 байгууллагын үйл ажиллагааг бүр мөсөн зогсоогоод байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.