Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор Ардчилсан нам, Монгол Ардын нам өнөөдөр өөрсдийн намын нэр дэвшигчтэй холбогдсон баримт бичгийг Сонгуулийн Ерөнхий Хороонд хүлээлгэн өглөө.
Намууд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн тухай намын шийдвэр, тэмдэглэл, нэр дэвшигчийн бичгээр өгсөн зөвшөөрөл, нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг, өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг, эрх бүхий байгууллагын тодорхойлолт, ялгүй болохыг нотолсон цагдаагийн байгууллагын тодорхойлолт, сонгуулийн мөрийн хөтөлбөр, төрсний гэрчилгээ, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан тухай сум, хорооны Засаг даргын тодорхойлолт, нэр дэвшигчийн эцэг, эхийг нь Монгол Улсын харьяат болохыг нотлох иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичиг, эмнэлгийн дүгнэлт, нэр дэвшигчийн намтар, намын дүрэм зэргийг бүрдүүлэн өгсөн байна.
Сонгуулийн Ерөнхий Хороо хүсэлтийг хүлээн авч нэр дэвшигчийг бүртгэхдээ, намуудын ирүүлсэн баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэх, нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгах гурав хоногийн дотор шийдвэрлэх ажээ.
Т.Түвшин
Ugluu.mn