Нийслэлд болон Сүхбаатар, Дорноговь аймагт ялалтын баярыг тэмдэглэнэ

2015081402Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолын дагуу 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойн баярыг хоёр үе шаттайгаар тэмдэглэж байна. Ойн баярын эхний шатанд  ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зарлиг гаргаж манай ахмад дайчдад түүхт ойн хүндэт  медаль гардуулсан, мөн монгол цэргүүд  Москвагийн  Улаан талбайд цэргийн ёслолын жагсаал хийсэн зэрэг олон түүхт үйл явдал өрнөсөн билээ.

Тэгвэл 5-8 дугаар сард   дараагийн шатны ажлууд эхэлж, дэс дарааллаар хэрэгжиж  байгаа Батлан хамгаалах яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тасгийн дарга, дэд хурандаа Д.Энхсайхан,  БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, хурандаа С.Ганболд, Нийслэлийн Засаг даргын  Цэргийн штабын ахлах офицер, дэд хурандаа Т.Мөнхбаяр нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тухайлбал, Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүрээнд  Монгол зөвлөлтийн дайчдын хөшөө, дурсгалыг сэргээн засварлах, БНХАУ-ын нутагт байрлах Монгол дайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, ялалтын 70 жилийн ойд зориулсан баримтат кино, түүхэн ном альбом бүтээх, олон улсын эрдэм шинжилгээний хурал, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулахаас гадна Улаанбаатар хот, Сүхбаатар, Дорноговь аймгуудад ёслол хүндэтгэлийн арга хэмжээг энэ сарын 19,21, 28-ны өдрүүдэд зохион байгуулна.

Орон нутагт болох арга хэмжээний үеэр зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн цэрэг эрс шүхрийн буулт хийж, ЗХЖШ-ын дэргэдэх үлээвэр найрал хөгжмийг тоглолт, “Бид ялав” үзэсгэлэн, ЦДБЭЧ-ийн уран бүтээлчдийн тоглолт, баярын хурал гэх мэт олон ажил болно.  Түүнчлэн Монголын 76 цэрэг  БНХАУ-ын Бээжин хотын төв талбайд  болох цэргийн ёслолын жагсаалд оролцохоор бэлтгэлээ базааж байна.

Цэргийн ёслолын  жагсаалд оролцох бие  бүрэлдэхүүн   маргааш  БНХАУ-ыг зорино. Батлан хамгаалах яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тасгийн дарга, дэд хурандаа Д.Энхсайхан “Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ой 2015 онд тохиож байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 01 тоот  зарлиг гаргасан билээ. “Ойг угтан түүхэн ялалтын үнэ цэнэ, цэрэг эрсийнхээ байгуулсан гавьяаг сурталчлах, дайнд оролцогсод, ахмад дайчиддаа хүндэтгэл үзүүлэх, тэдний эх оронч сэтгэл зүтгэлийг залуу хойч үедээ өвлүүлэх, улс түмний найрамдалт харилцаа, зэвсэгт хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхэц өгөхүйц цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт үүрэг болгосон.

Өнгөрсөн гуравдугаар сарын 09-нд Монгол Улсын Засгийн газрын 85 дугаар тогтоол гарч Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан Ой зохион байгуулах Засгийн газрын ажлын хэсгийг байгуулсан. Ой зохион байгуулах Засгийн газрын ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар ажиллаж байна.

Ойн хүрээнд 23 бүтээлч ажил хийхээр төлөвлөснөөс 14 ажлыг нь гүйцэтгэжээ” гэв. БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, хурандаа С.Ганболд “Энэ ялалт нь Монгол Улс тусгаар тогтносон улсын хувьд энэ дайнд оролцсоноор дэлхийн тавцанд олон улсын харилцааны эрх зүйн нэгэн субъект болохоо харуулж, тусгаар тогтнолоо баталгаажуулсан улс төрийн өндөр ач холбогдолтой, түүхэн үйл явц юм.

Монгол Улсын хувьд Дэлхийн II дайны төгсгөл болох Ази тив дэх дайны сүүлчийн голомтыг устгасан 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож, дэлхийн хүн төрөлхтний өмнө тусгаар улс гэдгээ батлан харуулж,  Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг дэлхий нийтэд дахин баталгаажуулахад түлхэц болсон энэ дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх нь түүхэн ач холбогдолтой үйл явдал болно” хэмээн онцлов.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …