Туркийн Эскишехир хотод Монгол Улсын Өргөмжит консулын газрыг нээх ёслол 2015 оны 8 сарын 14-нд болов. Уг ёслол дээр Эскишехир мужийн захирагч Гүнгөр Азим Туна, Эскишехир хотын дарга проф. Йылмаз Буюукэршен, Монгол улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Б.Батхишиг, Эскишехир хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Илхан Көсе нар үг хэлэв.
Туркийн аж үйлдвэр, соёл боловсролын нэг гол төв Эскишехир хотод Монгол Улсын Өргөмжит консулын газрыг нээж байгаа нь хоёр улсын найрсаг харилцааны түүхэнд болж байгаа чухал үйл явдал болохыг элчин сайд Б.Батхишиг цохон тэмдэглээд цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөтгөх, тус хотод суралцах Монголын оюутны тоог нэмэгдүүлэх, тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалах талаар Өргөмжит консул их зүйл хийнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэн ноён Илхан Көсед Өргөмжит консулын тамгыг гардуулж өгөв.
Ёслолын ажиллагаанд Туркийн Ерөнхий сайдын ахлах зөвлөх проф. Эмине Нур Гүнай, парламентын гишүүн проф. Гайе Услуер, Жемал Окан Юүксел нар болон тус хотын Худалдааны танхим, Аж үйлдвэрийн танхимын удирдлагууд оролцов.
Ёслолын дараа элчин сайд Б.Батхишиг Эскишехир мужийн захирагч Гүнгөр Азим Тунатай уулзаж ярилцав. Мөн тус хот дахь Анадолу их сургуулийн захирал, проф. Нажи Гүндоган, Османгази их сургуулийн захирал, проф. Хасан Гүнен нар болон эдгээр сургуульд суралцаж байгаа Монголын оюутнуудтай уулзаж, хичээл сургалт болон оюутны ахуй амьдралын талаар асууж ярилцав. Тус хотын хоёр их сургуульд эдүгээ хүртэл Монголын нийт 200 оюутан суралцаж төгссөн бөгөөд одоо 30 гаруй оюутан суралцаж байна.
Туркийн нийслэл Анкара хотоос баруун тийш 230 орчим км зайд орших Эскишехир хот 685 мянган хүнтэй бөгөөд галт тэрэгний зүтгүүр, нисэх онгоцны хөдөлгүүр, ачааны машин, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, нэхмэл эдлэл, тоосго, цемент, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд далайн хөөс буюу меершаум хэмээх чулуулаг олборлож гар урлалын бүтээгдэхүүн хийдгээрээ алдартай юм.