УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийлээ

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан өнөөдөр /2015.08.20/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

DSC_1449Тэрээр Улсын Их Хурал 2015 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд болон 08 дугаар сарын 03-14-ний өдөр хуралдсан ээлжит бус чуулганы үеэр улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд чухал ач холбогдолтой хуулиудыг баталсан болохыг онцлов. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан хаврын ээлжит чуулганы хугацаанд Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүний хувьд Хотыг дахин хөгжүүлэх тухай болон холбогдох бусад хуулийг батлах Ажлын хэсэгт орж ажилласан бөгөөд 06 дугаар сарын 26-ны өдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдсан хуулийн ач холбогдолыг танилцууллаа. Энэ хууль батлагдсанаар нийслэл хотноо явагдаж буй аливаа төлөвлөлт, бүтээн байгуулалт өмнө нь журмаар зохицуулагддаг байсан бол одоо хуулийн зохицуулалттай болох юм байна.

Мөн Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн Ажлын хэсгийн ахалж ажилласан бөгөөд 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хурал баталсан юм. Иргэд өнгөрсөн 25 жилийн хугацаанд зөвхөн үл хөдлөх хөрөнгөө барьцааж, зээл авах байдлаар эдийн засгийн эргэлтэд оруулдаг байсан бол энэхүү хууль батлагдсанаар хөдлөх хөрөнгөө барьцаалж, эдийн засгийн эргэлтэд оруулан бизнесээ санхжүүлүүлэх, тэлэх боломж бүрдсэн байгааг тэрээр онцлов. Хөдлөх хөрөнгө гэдэг ойлголтод оюуны өмчөөс эхлээд иргэний гар дээр байгаа олон төрлийн хөрөнгө багтах болохыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан тодруулаад “Үүний үр дүнд эдийн засгийн “цусны эргэлт” нэмэгдэн, эдийн засгийн орчинд эерэг нөлөөлөл үүснэ” гэв.

2015 оны хаврын чуулганы хугацаанд иргэдийн газраа барьцаалах эрхийг эрх зүйн орчин баталгаажуулсан болохыг онцлон танилцууллаа. Тэрээр “Иргэд зөвхөн хашаа, байшингаа барьцаалж зээл авдаг байсан бол газраа барьцаалах боломж бүрдсэн. Тухайлбал, хэсэг айл өрх газраа нийлүүлж, барьцаалаад нийслэл хотын дахин төлөвлөлтийн хүрээнд засаг захиргааны байгууллагатай хамтарч ажиллах замаар амьдрах орчноо сайжруулах, хувийн орон сууцтай болох эрх зүйн орчин бүрдлээ” хэмээв.

DSC_1450Түүнчлэн 20.000-30.000 орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог байх үе буюу 1996 онд батлагдсан Замын хөдөлгөөний тухай хуулийг өнөөдрийн нөхцөлд тохируулан шинэчлэн баталсан талаар, Галт зэвсгийн тухай хууль, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулиудын талаар мэдээлэл өгч, хуульч гишүүний хувьд Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдэд ихээхэн ач холбогдол өгч, анхаарч ажиллаж байна гэв.

Өнөөдрийн байдлаар Улсын Их Хурлын гишүүд Засгийн газрын сайд нарыг нөхөн томилох асуудалтай холбогдуулан ажиллаж байгааг тэрээр хэвлэлийн хурлын үеэр дуулгаад 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн сарын хугацаанд тойрогтоо ажиллаж, Баянзүрх, Налайх дүүргийн 35 хороонд ажиллан иргэдтэй уулзахаар төлөвлөж байгаагаа мэдээллээ.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …