Ээжийг минь өршөөгөөч!

1440335125_n13_sergi-barisashviliЭнэ хорвоод үгүй гэж хэлж боломгүй нэгэн гуйлт бол хүүхдийн гуйлт гэж зүйл байдал.

Алдсан эндсэн нэгэндээ авралын гараа сунгаж өршөөж хэлтрүүлдэг нь аль ч төрийн бодлого, энэрэл, нигүүлсэл байдаг билээ. Эртнээс хаад ноёд ямар нэгэн баярыг тохиолдуулан өршөөлийн зарлиг гарган хамгийн түрүүнд эмэгтэйчүүд, хүүхдүүдийг өршөөдөг нь энэ дэлхийн хууль гэлтэй.

Дэлхийн хамгийн харгис догшин дэглэмтэй Хойд Солонгос хүртэл их удирдагчийн төрсөн өдрөөр өршөөлийн зарлиг гарган алдаа эндэл гаргасан нэгнээ хүртэл өршөөж байсан түүх саяхан хүртэл болсон.

Тэгвэл Монгол Улсад яадаг вэ? Эмэгтэйчүүд ихэвчлэн өршөөлд хамрагддаггүй. Яагаад гэвэл тэд олон жилийн гэр бүлийн дарамтаасаа болоод хань нөхөрөө егүүтгэсэн, эс бөгөөс амьдрахын эрхэнд хоол нэхсэн хэдэн хүүхдэдээ аманд нь үмх талх хийхийн төлөө хэн нэгнийг хуурч мэхэлсэн, залилсан гэдэг зүйл ангиар шийтгүүлэн торны цаана суудаг юм.

Монгол төр байсхийгээд л өршөөлийн хууль гаргадаг. Гэхдээ өршөөлд хүн амьний хэрэг, залилангийн хэргүүдийг оруулж байсан түүх үгүй.

Мааньт, Дарьт, Зүүн Хараа, Мөнгөн Морьт, Өвөрхангайн шоронгууд хоригдолгүй шахам хоосорч байхад хөөрхий муу Луусангийн хорихийн хүүхнүүд халуун ам бүлээрээ амьдарсаар л байдаг нь уйлмаар ч юм шиг дуулмаар ч юм шиг уйтай.

Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагад түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүд сонгогдсон 2012-2014 оны хооронд торны цаана суугаа эмэгтэйчүүдэд наранд гарах сайхан боломж гарсан хэдий ч тэдний ирээдүй бүрхэг байна.

Ерөнхийлөгч залилангийн хэргийг өршөөлд хамруулахгүй байхаар хориг тавьсан юм. Уг нь УИХ-ын эмэгтэй гишүүд лобби сайн хийж чадвал уг зүйл ангид хамрагдаж буй эмэгтэйчүүдээ өршөөлд хамруулах боломжтой.

Гэхдээ тэднийг “улс төр” хэмээх хатуу тоглоом, улс төрчид хэмээх хахир шоголоомчид дарлаж суудаг нь бас үнэн.  Алаг үрсээ энгэртээ тэврэх гэсэн хүсэл, алдаж эндэхгүй гэсэн чинхүү хүсэл, энгэрээс нь сүү асгардгийг нь бодоод уучилчих нинжин сэтгэл улс төрчдийн харанхуй толгойд орох болов уу? гэсэн хүлээлт, “ээжийг минь өршөөгөөч” гэсэн хүүхдийн гуйлтыг Монголын төр засаг сонсох эсэх нь эргэлзээтэй.

Хэрхэхийг Монголын эмэгтэйчүүдийн хатан зориг, уран ухаан, уужуу сэтгэл мэдэх буйзаа.

Эх сурвалж: www.tsag.mn

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …