Энэ сарын 21-ны 21:10 цагт 61-ийн гармын ойролцоо Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн “Зил-131” маркийн авто машин онхолдож, хоёр алба хаагч нас барж, 21 цэрэг хүнд, хөнгөн гэмтсэн харамсалтай хэрэг гарсан билээ.
Тус хэргийн талаар ЗХЖШ-аас албан ёсоор мэдээлэл өглөө. Осол Дархан-Улаанбаатар чиглэлийн замд гарсан бөгөөд 084 дүгээр ангийнхан Дуган хаданд уулын авиралтын дадлага хийгээд буцаж явжээ. Энэ үед Сэлэнгэ аймгийн харьяа 71-05 дугаартай “Mitsubishi L-200” маркийн автомашины жолооч урсгал сөрж орж ирэн цэргийн ангийн зургаан цувааны хамгийн эхэнд явсан ЗИЛ-131 машины арын дугуйг мөргөсөн байна. Үүнээс болж цэргүүдийг ачиж явсан ачааны тэрэг замын хажуу руу унаж, зорчиж явсан 23 алба хаагчийн хоёр нь газар дээрээ нас баржээ. Нас барсан албан хаагчдын дунд ОХУ-д цэргийн эмчийн мэргэжлээр төгссөн, өнгөрсөн хавар Ахлагчийн сургууль төгссөн албан хаагчид байсан гэнэ. Харин гэмтсэн 20-н алба хаагчийг Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлах Цэргийн нэгдсэн эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа бол нэг цэрэг тархины хүнд мэс засал хийлгэн, сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа юм байна. Осол гаргасан “Mitsubishi L-200” маркийн автомашинд ослын үед таван хүн сууж явжээ. Харин осол гаргасан жолоочид эрүүгийн хэрэг үүсгээд байгаа аж.