Цэргийн багийн захирагчаар анх удаа эмэгтэй цэргийн алба хаагч ажиллана

2fcdc93a539f8981fedf0657cb280b44Монгол Улсын Зэвсэгт хүчин хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ биелүүлэхийн зэрэгцээ даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад идэвхтэй оролцож, Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийн тавцанд мандуулсаар байна. Эрэмгий дайчин чанар, эр зориг, тэсвэр хатуужил, бие бялдар, сахилга зохион байгуулалтаараа гайхуулж яваа эрэлхэг Монгол цэргүүдийн маань зарим нь энхийг сахиулахаар Бүгд Найрамдах Судан улсыг зориход бэлэн болжээ. Бүгд Найрамдах Судан Улсын Дарфур мужид явагдаж буй нэгдсэн үндэсний байгууллага, Африкийн холбооны хамтарсан энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн хээрийн II дугаар шатны эмнэлгийн VII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ өнөөдөр болсон юм.

Ёслолын арга хэмжээнд ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, БХЯ-ны Стратегийн, бодлого төлөвлөлтийн газрын дарга хурандаа Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг нар болон, БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, албаны бусад хүмүүс, цэргийн багийн бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл оролцсон. Энэ удаагийн цэргийн багийн захирагчаар дэд хурандаа Г.Тунгаамаа ажиллана. Ингэснээр Монгол Улс энхийг дэмжих ажиллагаанд оролцсон 13 жилийн дараа анх удаа эмэгтэй цэргийн алба хаагч цэргийн багийн захирагчаар ажиллахаар болж байгаа юм. ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай ёслолын арга хэмжээг үг хэлэхдээ “Өнгөрсөн хугацаанд Монгол цэргүүд маань ажиллагаанаас ажиллагаанд улам туршлагажиж, дэлхийд нэрээ мөртэйгээ, алдраа гавьяатайгаа дархалж, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн нь НҮБ-ын элч төлөөлөгчид, Эвслийн хүчний удирдлага болон тухайн бүс нутгийн ард иргэдийн үнэлгээнээс харж болно.

Аливаа амжилт бүхэн шулуун замаар ирдэггүй, нөр их хүч хөдөлмөрийн үр дүнд бий болдог бөгөөд хуримтлуулсан мэдлэг, туршлага хийгээд уйгагүй хичээл зүтгэл, хөдөлмөрийн зохистой хослол, урагшлан тэмүүлэх итгэл зориг, зорилгодоо хүрэх мятрашгүй зүтгэлээр амжилтанд хүрдэг билээ. Цаг агаарын эрс тэс нөхцөл, эрүүл мэндийн эрсдэлтэй орчин, тогтворгүй цагийн байдалд  удаан хугацаагаар үүрэг гүйцэтгэнэ гэдэг хэн бүхний хийж чадах хялбар ажил биш. Манай энхийг сахиулагч эмч, мэргэжилтнүүд цагийн байдлын хүнд нөхцөлд ажиллагааны газар оронд НҮБ-ын мандаттай үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн алба хаагчид болон нутгийн ард иргэдэд байлдааны болон гамшгийн үеийн эмнэлгийн тусламж, анхан шатны болон төрөлжсөн нарийн мэргэжлийн шаталсан тусламж үйлчилгээг түргэн шуурхай, тасралтгүй үзүүлж, төр засаг, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагаас даалгасан үүргийг нэр төртэй биелүүлж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна” хэмээн онцолсон.

Цэргийн багийн захирагч, дэд хурандаа Г.Тунгаамаад БХЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр төр засаг, батлан хамгаалах салбарын удирдлагаас даалгасан нэр хүндтэй бөгөөд өндөр хариуцлагатай үүргээ амжилттай биелүүлж, бие биедээ байнгын анхаарал, халамж тавьж, үүргээ сонор сэрэмжтэй гүйцэтгэхийг хүсээд алд цагаан хадаг, мөнгөн аяганы хамт дурсгал болгон өгсөн юм.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Сонгуулийн ерөнхий хороонд 26 нам, 2 эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өглөө

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороонд 26 нам, 2 эвсэл Улсын Их Хурлын 2024 оны ээлжит …