НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д өөрчлөлт оруулах тухай хэлэлцэн баталлаа. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцууллаа. Тэрээр концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт оруулахдаа нийслэлийн ЗДТГ-ын харъяа агентлаг, албан тушаалтнаас ирүүлсэн саналыг үндэслэж, зургаан төслийг нэмэхээр, мөн зургаан төслийг хасахаар санал оруулсан гэдгийг онцлов.
Нэмэх төслүүдэд Налайх дүүрэгт Захирагчийн ажлын албаны оффис үйлчилгээний барилга барих, Сүхбаатар дүүргийн 19-р хороо Салхитын амны 1,9 км хатуу хучилттай автозам барих, Шадивлан, Яргайтын чиглэлийн автозамын өргөтгөл шинэчлэл барих болон Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 60 ортой Ахмадын сувилал барих зэргийг тусгажээ.
Харин концесийн зүйлийн жагсаалтаас Улиастайн уулзвараас Баянзүрхийн шалган бүртгэх товчоо хүртэлх 3,4 км авто зам болон Баянзүрхийн 288 у/м төмөр бетон гүүр барих, Баянзүрхийн товчоо-Налайх-Чойрын уулзвар хүртэлх 17,5 км авто зам барих төслийг хасахаар оруулсан байна. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 309 дүгээр тогтоолоор БНХАУ-ын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад туссан ажил юм байна.
Түүнчлэн, Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд Сэтгэмж сургуулийн барилгыг буулгаж шинээр 640 хүүхдийн сургууль барих, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд спортын төрөлжсөн сургалттай 920 хүүхдийн сургууль барих төслүүдийг хасахаар санал оруулсан байна. Энэ нь Монгол Улсын Засгийн газарт БНХАУ-ын Засгийн газраас өгөх буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх ажлын жагсаалтад багтжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.