2015-2016 оны хичээлийн шинэ жил эхэллээ.
Энэ хичээлийн жилд 218,100 хүүхэд цэцэрлэгт хамрагдах бол Ерөнхий боловсролын сургуульд нийт 539,818 хүүхэд суралцах юм.
Энэ жилийн хувьд 11,464 хүүхдээр шинээр цэцэрлэгт орж байгаа хэдий ч сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй байна. Сугалааны “азын шооны” ард 49,507 хүүхэд цэцэрлэггүй хоцорлоо.
Хичээл эхэлсэн эхний өдрөөс л цэцэрлэгийн талаарх шүүмжлэл эцэг эхчүүдийн дунд өрнөсөөр. Тухайлбал нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр цэцэрлэгтэй холбоотой эцэг эхчүүдээс нэгэн санал гомдол ирлээ.
Жил бүр цэцэрлэгийн хүүхдүүдийн шээс, шимэгч хорхойн шинжилгээг харьяа дүүрэг дээрээ өгдөг. Энэ жил илүү зохион байгуулалтай олон хоногоор дүүргийн лабраторид авч байгаа учраас очер дараалал, хүлээгдэл чирэгдэлгүй байна. Гэвч СБД-ийн 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч н.Энхболд гэгч шимэгч хорхойн шинжилгээг заавал хувийн лабраторид өгөх ёстой гэж эцэг эхчүүдийг шахжээ.
Эцэг эхчүүд СБД-ийн лабораторит шинжилгээгээ өгсөн ч цэцэрлэгийн эрхлэгч эмэгтэйн тушаал ёсоор заавал Чингэлтэй дүүргийн Монзакира гэх газар байрлах хувийн лабораторит хийлгэсэн шимэгч хорхой шинжилгээ хүчинтэй гэнэ. Харьяа дүүрэгтээ өгсөн шээсний шинжилгээ нь хүчинтэй, шимэгч хорхойн шинжилгээ нь хүчингүй гэж эрхлэгч өөрийн үзэмжээр үзэж байгаа аж.
Энэ талаар холбогдох хүмүүсийг анхааралдаа авахыг тус цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг эрхчүүд хүслээ.
Г.Эрдэм