Налайх хотын Сайн Номуун хийдийн хамба лам С.Нэргүй, түүний төрсөн дүү С.Амарсайхан нарыг Тайж хайрханы энгэр дагуу 3000 га газрыг хувийн хэрэгцээнд авах гэж байгаа талаарх “жиргээ” өнгөрсөн жилжингээ ниссэн.
Үнэн хэрэгтээ С.Нэргүй Сайн Номуун хийдийн хамба ламын хувьд хийддээ БОНХЯ болон нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газраас жил бүр хэрэгжүүлдэг эко ногоон төгөлд хамрагдаж тус дүүргийн нутаг дэвсгэрт орших Тайж хайрханы энгэр дагуух 3000 га газрыг ногоон төгөл болгож, төрөл бүрийн мод ургамлын суулгац тарьж, байгаль орчинд ээлтэй цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар санаачилга гаргаж хүсэлтээ илэрхийлж. Гэвч эл асуудлыг хэтэрхий улс төржүүлж олон нийтэд буруу ташаа ойлголт өгөх үндсийг Налайх хотын “Налайхын амьдрал” сонин эхлүүлсэн байна.
Үүнээс гадна сониндоо хэд хэдэн удаа Сайн номуун хийдийн хамба лам С.Нэргүй болон түүний төрсөн дүү С.Амарсайхан нарыг хувийн эрх ашгийн төлөө улайран тэмцдэг, Налайхчуудын хоногийн хоолыг хугаслаж, амьдрал ахуйг нь хүндрүүлж байгаа гэх агуулга бүхий нийтлэл, ярилцлага гаргаж олон нийтэд хүргэжээ.
Тухайлбал Налайхын амьдрал сонины 2015 оны 02 сарын 16-ны өдрийн дугаарт С.Нэргүй ламыг “алуурчин, урвагч, гэр бүлээ хайрладаггүй” гэх асуулга бүхий “3000 га газар өгөхгүй гэхээр л ингэж байгаа” гэсэн гарчигтай Налайх дүүргийн АН-ын дэд дарга, ИТХ дахь АН-ын бүлгийн дарга О.Ганболдтой хийсэн ярилцлага нийтлэгджээ.
Мөн тус сонины эрхлэгч Д.Батчимэгийн 2015 оны 03 сарын 30-ны өдрийн Налайхын амьдрал сонины дугаарт нийтлэгдсэн “308 сая 920 мянган төгрөгний өр үүсээд байна” гэх гарчиг бүхий ярилцлагыг дурдаж болно. Ярилцлагын өмнөтгөлд “С.Нэргүйгээс болж Налайхчууд өрийн сүлжээнд унаж, хямарсан” мэтээр бичсэн байна.
Иймээс Налайх хотын Сайн Номуун хийдийн хамба лам С.Нэргүй, түүний төрсөн дүү С.Амарсайхан нар нэр хүндийг удаа дараа илтэд гутаан доромжилсон гэж үзэн шүүхэд ханджээ.
Дүүргийн анхан шатны болон нийслэлийн давж заалдах шатны 2 ч шүүхээс Налайхын амьдрал сониныг нэхэмжлэгч С.Нэргүйн алдар хүндийг гутаасан гэж үзэн, залруулга гаргаж олон нийтэд хүргэх болон мөнгөн торгууль ногдуулсан байна.
Эцсийн дүндээ дүүргийн Ардчилсан намаас зориуд улс төрийн зорилго агуулж, “жүжиг” найруулсан нь илт харагдана.
/Дүүргийн анхан шатны шүүхээс гаргасан шийдвэр/
/Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс гаргасан шийдвэр/
Г.Эрдэм
Эх сурвалж: www.undesten.mn