Д.Хаянхярваа: АН-ынхан сонгуулиас өмнө юу ч хийж чадахгүй

be98a119e76a8d7boriginalУИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай ярилцлаа.

 -Засгийн газар зургаан сайдгүйгээр сар гаруйн хугацааг үдчихлээ. Эдийн засаг хүндэрсэн энэ үед мөн ч олон ажлыг хийх байсан хугацаа даа. Засаг цоорхой байх нь том зургаараа эдийн засагт тэр дундаа жирийн иргэдийн амьдралд гарч болох өөдлөн дэвшихэд тээг саад болсон л байх даа?

 -Энэ Засгийн газрын үйл ажиллагаанаас одоо нэг их зүйл хүлээх шаардлагагүй болсон цаг үе шүү дээ. Нөгөө утгаар нь харвал эд нар ч өөрсдөө үүнийгээ ойлгоод жонхуурч байна уу даа гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, засаг бүтэн байсан ч цоорхой байсан ч энэ удаагийн Засгийн газар Монголын эдийн засагт гавьяа байгуулаад сүйд болохоос нэгэнт өнгөрсөн. Тийм учраас АН засгаа бүтэн болгоход алгуурласан байх. Хэрвээ АН үнэхээр ажил хэрэгч байж, ард түмнийхээ амьдралыг ойлгож байсан бол гадаад, дотоод харилцаа, иргэдийн амьдрал эрчимтэй уруудаж байгааг мэдэж ойлгосон бол маш яаралтай хэдэн сайдаа томилоод хийх ажлуудыг тодорхой болгоод явах ёстой байлаа. Гэхдээ АН-ынхан хэдэн сайдаа яаравчилсангүй гээд ард түмний амьдралд айхтар хортойгоор нөлөөлөөд байгаа ч юм алга. Тэртэй тэргүй АН-ынхны увайгүй байдлаас бодлогын томоохон алдаанууд гаргаснаас болоод өнөөдөр эдийн засаг жолоодлогогүйгээр унасар л байна.

 -Эрх баригчид ерөнхийдөө гөлийчихлөө, улс орны тусын тулд ажил хийхээсээ өнгөрчихлөө гэж та хэлэх гээд байна уу?

 -Шууд утгаараа тэгж ойлгож болно. АН-ынхан юун ажил манатай байна. Дотоодынхоо зодооныг яаж нэг хал балгүй, арай нэг нүдэлдчихгүй аргалах вэ гэсэн байдалтай л болчихлоо. Үүнээс өөрийг бодож санаж байгаа зүйл байна уу даа.

 -Таны хэлдгээр дотооддоо багагүй хугацаанд “зодолдсоор” Ерөнхий сайд зургаан сайдынхаа нэрийг өргөн барилаа. Гэтэл ингэж удаан хүлээлгэсэн сайд нар бүгд давхар дээлтэй байхаар орж ирж байна. Үүнд Ерөнхийлөгч тааламжгүй хандсан, давхар дээлтнүүдийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг байр сууриа дахин илэрхийлсэн. Гэвч оруулж ирсэн сайдуудаа хэлэлцээд томилоод явах нь тодорхой болчихлоо.?
Дургүй ламд хүчээр сахил хүртээнэ гэж үг байдаг шүү дээ. Үүний адилаар нэг нь дуртай дургүй юм хэлдэг нөгөөдүүл нь шилээрээ шээнэ гэдэг шиг чимээгүй өнгөрдөг дэг жаягийг эрх баригчид өөрсдөө бий болгож байна. Хууль нь өөдтэйхөн үйлчилдэг төртэй оронд үүнийг юм болгох талаас нь анхаарвал хэрэгтэй л зүйл. Өнөөдөр манай улсад төрийн ажлын сахилга хариуцлага, төрийн албанд, ялангуяа дээд төвшиндөө хууль дүрмийг чандлан сахих, юманд ажил хэрэгч байдлаар хандах гэдэг зүйл байхгүй болчихсон. Үндсэндээ улс эх орон удирдлагын болон засаглалын хямралд гүн нэрвэгдчихлээ. Үүний хамгийн том илрэл нь сайд даргыг томилохдоо давхар албан тушаал хаших нь буруу юм гэдэг чиг шугамыг улс төрийн том хүчний хувьд манай нам хүлээн зөвшөөрөөд гаднаас сайд томилох гэх мэтэд Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж 70-аад хувийн дэмжлэгтэйгээр томилгоондоо тусгасан. Гэтэл АН-ынхан үүнийг үл тоож байна. АН-ынхан дотроо Ерөнхийлөгчийг үл огоорч, тоохгүй байна гэх мэтээр чулуу хаяад сөргөлдүүлж мөргөлдүүлээд байх сонирхол алга. Бодит байдал дээр нийгэмд харагдаж байгаа дүр төрхийг нь ард түмэн ойлгож байгаа.

 -Энэ зуны тухайд хоёр дахь удаагаа ээлжит бус чуулган хуралдаж байна. Ерөөсөө хамгийн чухал асуудлаа хэлэлцсэнгүй гэдгээс гадна эхний ээлжит бус чуулганаар Эрүүгийн болон Эдийн засгийн өршөөлийн хуулийг баталснаар нийгэмд талцал хуваагдал бий болсон. Маш их шүүмжлэл гарсаар байна. Энэ удаад дахиад л томилгоо хийх гэж байна. Эхнээсээ нэр дэвшиж байгаа сайд нарыг масс голоод эхэлчихэж. Тийм нэртэй гишүүн байдаг юм байна, бүр сайдад нэр дэвшиж байна гэх мэтээр хошигнож яриад байна л даа?

 -Ээлжит бус чуулганы утга учир, Үндсэн хуульд заасан заалтыг зөрчөөд байна шүү дээ. Тэгэхээр би хувьдаа УИХ- ын даргыг сүүлийн үед гайхаж байгаа. Өмнөх ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудал нь тодорхойгүй байхад оруулж ирж батлуулсан нь Үндсэн хууль зөрчсөн гэдгээр бид эсэргүүцлээ илэрхийлээд чуулганы нээлтэд оролцоогүй. Гэтэл энэ удаад УИХ-ын даргын эзгүйд дэд дарга нь захирамж гаргаад ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулчихлаа. Үндсэн хуульд заахдаа Ээлжит бус чуулганыг хуралдуулж болох гурван субъектыг заасан байдаг. Үүнд УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, УИХ- ын гишүүдийн гуравны нэг нь ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай гэж үзвэл чуулган хуралдуулна гэж заасан байдаг.

 -Тэгэхээр энэ удаагийн чуулган ч хууль бус гэсэн үг үү?

 -Хуульд нийцсэн гэж хэлэхэд хэцүү байна шүү дээ. Ээлжит бус чуулганы шийдвэр гарсны дараа гар дээрээ аваад үзэхээр УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж гэдэг хүн гарын үсэг зурчихсан байх жишээтэй. Энэ мэтчилэнгээр хүмүүсийн хэлдгээр алиагаа алдана гээч л болж байна даа. УИХ-ын дээд төвшин, Засгийн газрын төвшиндөө ч тэр, төрийн тэргүүний хувьд ч энэ байдлыг нь хэлээд нэг чиглэлд нь багтаах тал дээр ямар ч алхам хийж чадахгүй байна. Ингээд аваад үзэхээр тэд төрийн гурван өндөрлөг нэг намаас байх нь хамгийн чухал юм гээд бүх сонгуулийн үед л Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, намын дарга нар нь ч бүгд ингэж орилж гарч ирсэн. Гэтэл өнөөдөр нэг намаас төрийн өндөрлөгүүд гарлаа гээд гайхуулаад гийгүүлээд бүтээчих юм ярьсан нь хаана байна. Харин ч өнөөдөр юун нэг нам, дотроо хэчнээн ч нам, фракци, бүлэглэл, эвсэл болчихоод байгаа юм. Шуудайнд хийсэн үхрийн эвэр гэдэг шиг хэдэн тийшээ харж суучихаад бие биенээ хэмлээд. Үүнээс нь болоод төр засгийн, эдийн засгийн хямрал, улс орны байж байгаа царай ийм л болчихоод байна.

-Ингээд ярихаар тэртэй тэргүй эрх баригчид нь ийм царайтай байхад МАН-ынхан дуугарсангүй, сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэсэнгүй. АН-ынхны болж бүтэхгүй байгааг олон нийтэд нээлттэй, ил тодоор ярих, шаардлага хүргүүлэх зэрэг шийдвэртэй алхам хийхгүй байна гэдэг шүүмжлэл гараад байгаа шүү дээ?

 -Бид энэ байдлыг хуулийн хүрээнд хангалттай ярьж, хэлж байгаа. Хууль ийм, хуулиа ингэж дага, хуулиа мөрдье гэдгийг хэлэхээрээ нэг болсон. Гагцхүү бид хуулиас гажиж, туг лоозон барьж, жагсаал цуглаан зохион байгуулж, орилж дуулж яваагүй. Уг нь болдог бол ингэж асуудлыг хүндрүүлж нийгмийг талцуулж, хувааж, чиний миний нам, тэр эвсэл, фракци, бүлэглэл гэж байхаар бүх зүйлийг хуулийн хүрээнд хийгээд, тавьж байгаа асуудлыг зөв өнцгөөс нь авч үзээд, алдаа оноогоо засаад, болж байгаагаа, болгоод болохгүйгээ залруулаад, хамтраад ажиллах санаачилга АН-д дутаад байна. За тэгээд ингэж улс орноо ард түмнээ бодсон санаачилга гаргах сөхөө ч алга даа, тэдэнд.

– Өмнөх ээлжит бус чуулган хууль бус байсан учраас танай бүлгийнхэн нээлтэд нь оролцоогүй. Тиймээс Үндсэн хуулийн Цэцэд иргэдийн зүгээс гомдол гаргасан. Гэтэл энэ удаагийн чуулганыг ч бас та хуульд нийцээгүй гэлээ. Тэгэхээр энэ хуульд нийцээгүй асуудлыг яах вэ, ямар нэг акци зохион байгуулах юм уу? 

-Манай зүгээс Цэцэд хандана гэж юу байхав. Энэ улс оронд чинь хууль дүрмээ мэддэг, Үндсэн хуулийг батлалцаж явсан олон арван хүн амьд сэрүүн байж байна. Тэгэхээр өнөөдрийн ээлжит бус чуулган хуулийн хүрээнд байгаа эсэхийг харж суугаа байх, үүнийг ярьж хэлэх хүн гарах байх гэж бодож байна.

 -Энэ удаагийн чуулганаар хэлэлцэх хоёр асуудлын нэг нь Өршөөлийн хууль. Энэ хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг МАН, АН бүгд хүлээж авахаа мэдэгдчихлээ. Хоригийг ингэж нийтээрээ хүлээж авах байсан юм бол анхнаасаа ийм хууль батлах ямар хэрэг байсан юм бэ гэдэг асуулт гарч ирээд байна л даа? 

-АН-ынхан шахаж байж л баталсан хууль. Өмнөх ээлжит бус чуулганы төгсгөлөөр шахаж байгаад л энэ хуулийг баталсан. Үүнд манай намынхан оролцоогүй. Анхнаасаа эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хэлэлцэхэд ч гэсэн бид авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой бүх заалтыг хасуулсан. Энэ бол байж боломгүй хууль гэдгийг хэлээд болиулсан.

 -Эдийн засагт анхаарал хандуулахгүй байсаар он дуусах нь. Сайд нараа нөхөн томилоод, төсөвт тодотгол хийлээ гээд эдийн засагт сэргэлт гаргах боломж, хугацаа энэ парламентад байгаа болов уу? 

-Эдийн засаг хүндэрлээ гэдгийг бид анх удаа ярьж байгаа юм биш. Хамгийн анх МАН-тай хамтарсан засаг байгуулахад би хэлж байсан. Өнөөдөр дахиад хэлье. УИХ-ын даргын өрөөнд Ерөнхий сайдыг байлгаж байгаад Ч.Хүрэлбаатар, Л.Энх- Амгалан, Б.Чойжилсүрэн, Ц.Дашдорж, гишүүний хамт миний бие ороод “Эдийн засаг хүндэрчихээд байгаа учраас ингэж ажиллая. Одоо бид энэ хүндрэлээс гарах биш тогтворжуулах л ажил хийх хэрэгтэй байна. УИХ-ын дарга аа, Ерөнхий сайд аа, үүнд ямар нэгэн улс төргүйгээр 2008- 2012 оны хооронд авч хэрэгжүүлсэн арга хэмжээндээ тулгуурлаад ийм арга хэмжээ авъя” гэдэг саналыг цагаан самбар дээр бичиж, тайлбарлаж өгч байсан. Тэнд бид ямар нэгэн улс төр яриагүй, эдийн засагт сэтгэл зовнисондоо л тийм зүйл ярьсан. Манай Ч.Хүрэлбаатар гишүүн маш тодорхой санал гаргаж тавиад бид түүн дээр нь хамтран ярилцаж, тайлбараа хийгээд явсан. Тэр үед УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар “За ойлголоо, бид анхааралдаа авлаа, судалъя” гэсэн. Гэтэл эргээд бүгдийг яг эсрэгээр нь хийсэн. Ингэж эсрэгээр нь хийвэл валютын ханш чинь өснө, эдийн засаг чинь улам уруудна, сахилга хариуцлага дордоно, зардал чинь нэмэгдэнэ гэдгийг бид тэр үед хэлж байсан. Харин бидний хэлсэн юуг ч хийгээгүй, бүх зүйл эсрэгээрээ явчихаж байгаа юм. Уг нь бид энэ эдийн засгаа жаахан сахилгажуулах хэрэгтэй байна шүү дээ. Бид одоо л жинхэнэ утгаараа бүсээ чангалаад төсөвтөө тодотгол хийгээд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа цэгцлээд мөнгөнийхөө амыг нэг гараар баримаар байна л даа. Өнөөдөр бид улс оронд орж ирж байгаа мөнгийг нэг гараар барьж чадахгүй байна. Дуртай нь гарынхаа салаагаар урсгаад байхаар чинь өнөөдөр болоод байгаа мэт боловч магадгүй 2016,2017 оны дараа өнөөдрийнхөөс хүндэрнэ. Тэр үед улс эх орныхоо амьдралыг яаж дээш нь татах вэ. Эдийн засгаа яаж сайжруулах вэ гэдэг үнэхээр толгойны өвчин болно шүү. Бид өнөөдөр хэдийгээр энэ тэр нам гэж байгаа боловч бидний хүлээх үүрэг чинь Монгол орныг зөв байлгах юм шүү дээ. Гэтэл бид өнөөдөр энэ том үүргээ хөсөр хаячихаад байна шүү дээ. Би энд нэг л тоо хэлье. Арилжааны банкуудад байгаа чанаргүй зээлийн хэмжээ 11 хувь хүрчихсэн. Өөрөөр хэлбэл, би зээлдүүлсэн 10 төгрөг тутмынхаа нэгийг авч чадахгүй байх магадлал руу орчихсон. “Чингис” бондын 400-500 тэрбум төгрөг байгаа ч гаргаж чадахгүй болчихсон байгаа нь үнэн шүү дээ. Энэ нууц биш. Арилжааны банкууд дээр төгрөг болгоод байршуулчихсан, банкууд нь бонд худалдаад авчихсан. Засгийн газар нь буцаагаад бондынхоо мөнгийг төлж чаддаггүй. Тэгэхээр банкууд нь “Чингис” бондынхоо мөнгийг гаргаж чадахгүйгээсээ болоод өч төчнөөн ажил хийчихсэн компаниуд хохирчихоод байна. Ингээд Н.Алтанхуяг байхад ч тэр, одоо Ч.Сайханбилэгт ч би УИХ дээр хангалттай анхааруулж хэлсэн. “Монголбанкныхаа тайлан баланстай танилцаарай. Энэ бол асар чухал юм” гэж. Энэ банкны газрын дарга залуу нэлээд хэдэн сарын өмнө ярьсан байсан. “Хятадын своп гэж нэрлэгдээд байгаа зээл ирээдүйд юун Чингис бонд, түүнээс ч аюултай зүйл болохвий дээ” гэж ярьсан. Ингэж ярьсан мэргэжлийн хүний үг зүгээр ч нэг үг биш. Үүнийг бид эргэж харж бодож үзэх ёстой. Ерөөсөө эдийн засаг маань эрүүл саруул байна уу үгүй юү, Монголбанк мөнгөнийхөө бодлогыг сонгодог утгаар нь авч явж чадаж байна уу, эргээд энэ том банкийг гарахад хамгийн хэцүү, гарцгүй нүх рүү түлхэж байгаа юм биш биз дээ гэдгийг УИХ засгийн төвшинд авч хэлэлцэж анхаарлаа хандуулж байхгүй бол амаргүй болсон байхыг үгүйсгэх аргагүй

-Энэ салбарыг удирдаж байсан хүний тань хувьд асуухад одоо эдийн засагт сэргэлт гаргахын тулд хамгийн түрүүнд ямар алхам хийх хэрэгтэй байна вэ?

-Хамгийн түрүүнд төсөв, мөнгөний бодлогоо зөв болгох хэрэгтэй байна. Зардлаа танах хэрэгтэй. Ингээд бид гадаад, дотоод нэр хүндээ сэргээе, эдийн засгаа жаахан тогтворжуулъя, сахилга хариуцлагатай болгоё гэвэл валютын санд хандаж, хөтөлбөр авах хэрэгтэй. Өөр гарц харагдахгүй байна.

 -Гэхдээ МАН-ынхны гаргасан саналыг энэ засаг хүлээж авах нь эргэлзээтэй. Жишээ нь, саяын таны хэлсэн алхмуудыг авч хэрэгжүүлэхгүй бол төсвийн орлого 580 саяар тасалдсан, хөрөнгө оруулалт үндсэндээ зогссон гэх мэт сөрөг үзүүлэлт дээр өөр ямар муу мэдээ нэмэгдэх бол?

 -Энэ байгаа хүндрэл чинь улам л гүнзгийрнэ шүү дээ. Өнөөдөр улсын ажлыг хийчихээд төлбөрөө авч чадаагүй 10 компани байгаа бол энэ тоо даруй нэг дахин нэмэгдэнэ, төлбөрийн хэмжээ нь 100 төгрөг байсан бол 200 болно. Түүнийг нь засаг төлөх үүрэг хүлээнэ. Ингээд өр, зээлийн хэмжээ хязгааргүй болно. Ингээд эхлэхээр засгаас авлагатай олон компанийн арилжааны банкнаас авсан өр зээл нэхэгдээд дампуурч эхэлнэ. Үүнээсээ болоод олон арван хүнээ ажилгүй болгоно гээд нийгэмд гарах үр дагавар нь улам л хүрээгээ тэлнэ биз дээ. Өнөөдөр бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа учраас ерөөсөө эдийн засгийн харилцаа хувь хувьсгал гэхгүйгээр мөнгө санхүү дээр бүх утгаараа хэлхэлдчихсэн байгаа шүү дээ. Худалч хүнд нэг хүний эрхэлж байгаа жижиг бизнесээс төрийн орлого, зарлага бага ч гэсэн хэмжээгээр хамааралтай болчихсон үед бид амьдарч байна. Тиймээс бид бизнесийн орчноо маш зөв нүдээр харж, энэ орчныг намаар ялгаварладаггүй, чиний, миний гэдэггүй баймаар байна. Төр өөрөө хувийн хэвшил рүү орж хутгалддаг заваан байдлаасаа салахгүй бол амаргүй л байдал руу явна. Жишээлбэл, улсын ажил хийсэн аж ахуйн нэгжүүдэд Засгийн газар вексель буюу өрийн бичиг гаргаж, санхүүжилт олгоё гэж Ж.Эрдэнэбат сайд зүтгэж байгаад 170-аад тэрбум төгрөгийн өрийн бичиг гаргасан. Гэтэл Төсвийн байнгын хороо шүүрч аваад л үүнийг шалгана гээд гацааж байх жишээтэй. Энэ УИХ-ын ажил мөн үү. Тэнд барилгын ажлыг зөв хийсэн эсэх, гүйцэтгэл нь яав ийв гэж хянадаг нь УИХ-ын ажил уу. Ингэж дэвэн дэлхийн юм хамж ороод байгаа нь ямар учиртай юм бэ. Гэтэл үүний цаад учрыг сонсохоор МАН-ынхан өөрийн хэдэн компанид вексель бичиж өгөх нь гэсэн байгаа юм.

 -Яг л ийм хардлагаар Төсвийн байнгын хороо хэлэлцэх асуудлын дараалалд байгаагүй асуудлыг оруулж ирээд ажлын хэсэг гаргаж шалгасан шүү дээ? 

-Одоо үр дүнг нь сонсохоор гурван компанийг вексель бичих аж ахуйн нэгжийн жагсаалтаас хасч байгаа сурагтай. Ер нь энэ эдийн засаг гэдэгт чинь аль ч намын компаниудын оролцоо байж болно биз дээ. Хэрвээ тэр, энэ компанийн оролцоо хэрэггүй гэж байгаа бол хуульдаа тусгаад өг л дөө. Манай намын нэг гишүүний компани ч бай, адилхан л ажил хийх гэж зүтгэж, ар талдаа хэдэн зуун хүнийг тэжээх гэж, улсдаа таван цаасны татвар төлөх гэж яваа юм байгаа биз дээ. Ийм ялгавартай үзлээр хандаад, үүнийгээ засгаасаа авахуулаад УИХ-ын төвшинд очтолоо даамжруулж байгаа нь нийгэмд баялаг бүтээж, бизнес эрхэлж байгаа хүмүүсийн дургүйг асар их хүргэж байгаа болов уу л гэж харж байна. Ерөөсөө л хууль дүрэм гэж юм байхгүй болчихлоо.

 -Ирэх жилээс эхлээд бондын эргэн төлөлтрийг хийж эхэлнэ. Ер нь өнөөдрийн байдлаар манай улс бондын хүү болон үндсэн төлбөрт хэчнээн төгрөг төлөхөөр байгаа вэ. Үүнийгээ төлөх боломж, гарц байгаа юм уу?

 -Надад байгаа мэдээллээр энэ жил манай улс 900 орчим сая ам.долларын гадаад төлбөр тооцоо хийх ёстой, хувь хувьсгал нийлээд. Ирэх жил 1.8 тэрбум ам.долларын гадаад төлбөр тооцоо хийнэ. Харин үүний дараа жил хоёр тэрбум ам.долларын гадаад төлбөр тооцоо хийх ёстой. Гэтэл эсрэгээрээ зэс, алт, төмрийн хүдэр, нүүрсний үнэ унаж байна. Гадагшаа гаргая гэхээр Хятад улс сороод аваад явчихна гэж үхтлээ харамлаж, нарийлаад, энд л төрийн бодлого хэрэгтэй гэж үхэн хатан тэмцэлдсээр даахгүй нохой булуу хураана гэгчээр хурааж дарах гээд байсан ашигт малтмалын үнэ ингээд унаж эхэллээ шүү дээ. Ингээд унаад байгаа тохиолдолд эдийн засаг өөрөө хүссэн хүсээгүй уул уурхайгаас хамааралтай байдаг учраас цаашдаа нөхцөл байдал сайжирна гэхэд хүнд байна шүү. Үүнийг бид харж тооцоолох ёстой.

 -Ч.Сайханбилэг сайд Засгийн газрын тэргүүн болохдоо “Нэг, хоёр, гуравдугаарт эдийн засаг” гэж гарч ирсэн. Үнэхээр ч эдийн засгаа орхигдуулсан үед ингэж хэлсэн нь массын анхаарлыг их татсан. Гэтэл өнөөдөр есөн сарын дараа харахад Ерөнхий сайд яг хэлснийхээ эсрэг болчихлоо. Эдийн засагт огт анхаарал хандуулсангүй гэвэл та санал нийлэх үү?

 -Ерөөсөө л шоу байсан. Би ч байнга хэлдэг, “Хийрхэж шоудахаа боль, ажлаа хий” л гэдэг. Ерөөсөө л бид бага ярьж, их хийх хэрэгтэй байна. Хийнэ гэж хий дэмий шоудаж ард түмний сэтгэхүйгээр тоглож байснаас таг дуугүй байж байгаад хийчих юм бол энэ нэг алхам байхгүй юү. Дөрвөн мөч байна гэдэг чинь хөдөл, ажил хий гэсэн үг шүү дээ. Нэг ам байна гэдэг чинь бага ярь гэсэн үг. Үүнтэй адил энэ Засгийн газар ингэж л ажиллах шаардлагатай байна.

 -Он гараад хүссэн хүсээгүй сонгуулийн жил эхэлнэ. Үүнээс өмнө Ч.Сайханбилэг сайд амлалтаа эргэж санаад эдийн засагт анхаарал хандуулахгүй юм болов уу? 

-Сонгууль бас дахин сонгууль гээд л сонгуульдаа орж таарна.

 -Тэгэхээр эдийн засаг юу болж таарах вэ?

 -Орхигдоно гэсэн үг. Одоо юм хийх гээд ч эдэнд хугацаа байхгүй. Юу ч хийж чадахгүй.

М.ӨНӨРЖАРГАЛ

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …