Хан-Уул дүүргийн “Хөгжлийн төлөө төв” ТББ-ын гишүүд өнөөдөр сайд, дарга нарыг бүсээ чангалахыг уриалж хэвлэлийн бага хурал хийлээ.
“Хөгжлийн төлөө төв” ТББ-ын ТУЗ-ийн гишүүн Ц.Эрдэнэбаатар хэлэхдээ “Ард түмэн бид бүсээ чангалсан. Тэгвэл сайд, дарга нар ч гэсэн бидэнтэй адил бүсээ чангалах ёстой. Тэд өнөөдөр Land cruiser, Sonata зэрэг 10-20 литр шатахуун хэрэглэдэг том том машин хөлөглөж байна. Энэ унаж байгаа том машинаа шатахуун бага зарцуулдаг Prius 20-иор сольчихвол эдийн засагт хэмнэлттэй” гэлээ.
Хан-Уул дүүрэгт Засаг дарга, Засаг даргын орлогч тэргүүтэй найман хүн нийт 610 сая төгрөгийн машин унадаг аж. Энэ талаар ТУЗ-ийн гишүүн Ч.Базарсад “Эдгээр дарга нар машинаа Prius болговол 530 сая төгрөгийг хэмнэнэ. Тэр хэмнэсэн мөнгөөрөө цэцэрлэг сургууль, эмнэлэг барих боломж бүрэн байна” гэсэн юм.
“Хөгжлийн төлөө төв” ТББ-ын гишүүд энэ уриалгаа цаашид төрийн бүх шатны байгууллагад тавихаар болжээ. Тэд “Нийслэлийн иргэд” гэх фэйсбүүк хуудас нээсэн бөгөөд үүндээ нэгдэхийг уриаллаа.
Э.Золзаяа