АН-ын ГЗ, ҮЗХ-ны гишүүн Б.Мягмардаштай ярилцлаа
-АН-д дүрмийн шинэчлэл шаардлагатай гэж хэсэг залуус тус намд шаардлага хүргүүлсэн. АН-ын гишүүний хувьд одоо мөрдөгдөж байгаа дүрмийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-АН-ын дүрэм бол маш сайн дүрэм. Ёстой л амьдралаас ургасан, алдаа оноогоо дүгнэж баталсан дүрэм. Гишүүний эрх, үүргээс эхлээд улс төрийн намын бүхий л харилцааг өөртөө цогцоор нь шингээж бичигдсэн ардчилсан дүрэм. Хамгийн түрүүнд дүрмээ судлаад түүнийхээ дараа мөрдөөд сурчих хэрэгтэй. Өөрсдөө дүрмээ мэдэхгүй байж З.Энхболд даргыг Ардчилсан намын даргыг Түр орлон гүйцэтгэгч гэж байна. Дүрмээрээ З.Энхболд дарга бол хүчин төгөлдөр, хууль ёсны намын дарга. Залуучууд намын дүрмээ судлаад үүнийг ингэж тэгж өөрчлөх ёстой гэсэн яв цав үндэслэл нь ч, яг тодорхой концепц гарга. Эсвэл шинээр намын дүрмийг хийчихлээ гэх хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүйгээр 2016 оны сонгуулийн өмнө өөрсөддөө арга ядсан Пи ар хийх маягаар ингэж болохгүй. Засгийн газар солигдсоны дараа хоёрдугаар ээлжнийхэн хоолондоо орно гэх мэтээр яриа явсан. Тэгэхээс тэгэх гэж байгаа юм шиг шантааж маягийн зүйл хийгээд байгаа юм. Удахгүй Улс төрийн намуудын болон Сонгуулийн хуульд өөрчлөлт орно. Үүнтэй уялдаж бүх намын дүрэм дотоод ардчилал, шударга ёс, улс төрийн эрх чөлөөг хангах үндэс зарчим нь ижилхэн болох учиртай. Манайд намын дүрмийн шинэчилсэн төсөл хэлэлцэгдээд эхэлчихсэн. Миний хувьд одоогийн энэ дүрмээ дээд зэргийн сайн дүрэм гэж хэлнэ. Манай намын алдаа, онооны үр дүнд, амьдрал, бодит үйл явцад үндэслэн суурилсан дүрэм байхгүй юу. Намын дүрмэн дээр засч сайжруулах зүйлс бий. Уг суурь, үндэслэл нь зөв учраас зарим нэг зүйлсийг нь засч сайжруулаад явах боломжтой. З.Энхболд дарга зарчимч, шударга хүн. Энэ дүрэм болохгүй байсан бол өөрчилнө, шинэчилнэ гэдгээ шууд шулуухан илэрхийлээд, үндэслэл шаардлагыг нь олон талаас нь дүгнэж гаргаад бодитой алхам, үр дүнг нь үзэх гээд зүтгэчих хүн. Гэтэл энэ залуус байгаа онохгүй буудаад явах юм. Уул уурхайн яамны үүдэнд НАМЗХ-ны залуус жагсаад, манай хэдэн залуус намын дүрмээ шинэчилнэ гэсэн юм яриад л. МАН-ын хэсэг залуус “Шинэчлэлийн хороо” байгуулаад явсан. Энэ бүхэн хоорондоо уялдаатай юм болоод байна уу, үгүй юу. Одоо бүр ойлгохоо байлаа. Залуучууд нь хөгшчүүлээ шахна гэж бодоод байдаг юм уу, хаашаа юм. Нэг зүйлийг хэлчихье. Улс төрд нас гэдэг бол зүгээр л тоо шүү. Хамгийн гол нь тухайн хүн цаг үетэйгээ хөл нийлүүлэн өөрөө шинэчлэгдэж байх ёстой. Сонгуульд ялсны дараа намд маш олон залуус элсдэг. Ялагдсаны дараа ихэнх нь алга болдог. Сүүлийн үеийн зарим нэг залуус төртэй холбогдож мөнгө хийгээд сурчихсан болохоор ийм зан гаргаад байгаа юм. Тэр нь амьдрах арга, ашиг хийх зам нь болчихсон. Аль намын гишүүн бэ? гэхээр Аль ялсан намын гишүүн байна аа гэж сийхгүй хэлдэг нь онигоо биш, ховор юм биш ердийн, хавтгай үзэгдэл болж
-АН-ын гишүүд хамгийн эхлээд дүрмээ биелүүлдэг болох ёстой юм байна, тийм үү?
-Дүрмийн ганц нэг зүйл заалтыг цаг үетэй нь холбож өөрчлөх зүйл бий. Манай намын дүрэм чинь дэндүү сайн байхгүй юу. Хамгийн гол нь бүх гишүүд дүрмээ биелүүлдэг болох ёстой. Дүрмэн дээр намын гишүүний эрх үүрэг гээд 3.3.5-д “Намын нэр хүнд, эв нэгдлийг хамгаалах, намын эрх ашигт үл нийцэх аливаа үйл ажиллагааг дэмжихгүй байх”, 3.3.6-д “Олон нийтэд хандаж намын нэр хүнд, эв нэгдэл, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх үйлдэл хийхгүй байх” гээд заачихсан.
Энэ нийгэмд хүмүүс нь эрхээ маш сайн мэддэг хирнээ үүргээ мэддэггүй. Хүнд чинь үүрэг гэдэг зүйл байх ёстой. Үг хэлэх эрхээ эдэлнэ гээд зангиа зүүсэн нөхөр зурагтын өмнө гарч ирээд намаа муулж байна. Намын дүрмэндээ ингэж болохгүй гээд заачихсан. Энэ мэтчилэн намын дүрмээ биелүүлэхгүй бол хариуцлага тооцох ёстой. Эхлээд намын дүрмийг сайтар судлачихаад дүрэм яриа гэж байгаа юм. Дүрэмгүйгээр дүрэмдэж болохгүй. Сурах, мэдэх гэх зэрэг үүргээ биелүүлдэггүй мөртлөө эрхэлж чаддаг хүүхдийг эрхийн балай гэж ярьдаг шиг л юм болж байна. Намын байрандаа юугаа ч ярьж болно. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр намынхаа эсрэг зүйлийг ярьж болохгүй гэдгийг тодорхой заагаад өгчихсөн.
-Улс төрийн намуудын тухай болон Сонгуулийн ерөнхий хуульд өөрчлөлт орсны дараа АН Их хурлаа хуралдуулан дүрмээ шинэчлэх талаар ярих юм уу?
-Манай намын дүрэм мажоритар системд таарсан дүрэм. Харин шинэ дүрмийн төсөлд намын гишүүдээс санал авч, намын байгууллагуудаар дүрмийн төслийг хэлэлцэж байгаа болно. Хоёр хууль өөрчлөгдсөний дараа одоогийн байгаа намын дүрмийг шинэчлэн батлах нь намын Их хурлын асуудал. Хуулиуд нь өөрчлөгдөөгүй байхад намын дүрмээ шинэчилнэ гэж юу байхав дээ. Аливаа зүйлд, хууль дүрмэнд эрэмбэ дараа, логик уялдаа ч гэж бий. Энэ бол зүгээр л шалтаг. Хоёр намын залуус харилцан тохиролцоод намууд руугаа дайраад байгаа юм уу гэж хүртэл харагдахаар байна. Л.Наранбаатар өмнө нь НАМЗХ-ны гишүүн байсан юм билээ. Тийм болохоор өөрийн намаасаа даалгавар авчихаад өрөөлийн намыг самраад яваа юм болов уу гэж хардахаар байна. Өөр айлын хүүхэд гэрт орж ирээд хоймор заларна гээд байна.
-Түр томилогдсон гэгдээд байсан Н.Алтанхуяг даргаар зургаан жил удирдуулсан АН-ынхан зургаан сар намаа удирдаж байгаа З.Энхболд даргыгаа Их хурлаа хуралдуул гээд байгаа нь ер нь зөв юм уу. Н.Алтанхуяг даргыг бүх зүйлээ хайрцаглаад ротаци хүртэл явуулдаггүй байсан гэж гишүүд нь гомдоллодог?
-Түр томилогдсон гэдэг зүйл ерөөсөө байхгүй. Н.Алтанхуяг дарга, З.Энхболд дарга хоёрын аль нь ч түр томилогдоогүй. Намын Их хурлаас намын даргыг сонгоно гээд дүрмэндээ заачихсан. Мөн 3 шалтгаанаар намын даргыг ҮЗХ өөрчлөх болон сонгох дүрмийн заалт бий. 2008 оны 8-р сард намын дарга Ц.Элбэгдорж өөрийн хүсэлтээр өргөдлөө өгч намын даргын ажлаа өгсөн. Намын дүрмийн заалтын дагуу ҮЗХ-ын хорооны хурлаар Н.Алтанхуяг дарга 2008 оны наймдугаар сард намын даргад З.Энхболд даргатай өрсөлдөн цөөн хүний саналаар ялж намын дарга болж байсан. 2014 оны арваннэгдүгээр сард Н.Алтанхуяг дарга өргөдлөө өгснөөр ҮЗХ өөрийн бүрэн эрхийн хүрээнд З.Энхболд даргыг намын дарга болгосон. З.Энхболд дарга ҮЗХ-ны хурал дээр нэрээ дэвшүүлээд, мөрийн хөтөлбөрөө танилцуулж дүрмийн хүрээнд нууц санал хураалтаар албан ёсоор сонгогдсон юм шүү дээ. 2011 оны тавдугаар сард ҮЗХ-ны гишүүдийн гуравны хоёроор дүрмэндээ өөрчлөлт оруулж дүрмээс ротацийн заалтыг түр авсан юм. ҮЗХ-ны гишүүдийн гуравны хоёроор дүрмэндээ өөрчлөлт оруулах ёстой. Үүнийг З.Энхболд дарга ганцаараа шийдэж чадахгүй, бүрэн эрхэд ч хамаарахгүй зүйл. 2013 оны есдүгээр сарын 15-нд нөхөн сонгуулиудыг тодорхойгүй хугацаагаар ГЗ-ийн тогтоол гарч түдгэлзүүлсэн. З.Энхболд дарга болсныхоо дараа ГЗ-г хуралдуулан дээрх тогтоолыг хүчингүй болгож, залуусын шаардахаас өмнө өөрөө салхи оруулж 40 гаруй суудал дээр ҮЗХ-ны гишүүний сонгуулийг явуулсан.
-Залуучуудын бухимдал нь АН зургаан жил хаалгаа цоожилсноос болсон. Тийм их хүлээлт үүссэн байсан залууст нөхөн сонгууль нь хэрүүлийн алим болж таарсан юм биш үү?
-Би ҮЗХ-нд ормоор байна гээд орчихдог юм биш. Ядаж л ҮЗХ-ны сонгуульд орохын тулд шаардлагаа хангасан байх ёстой. Ардчилсан намын Дотоод сонгуулийн журам бий. Түүнд бүх зүйл тодорхой байгаа. Намын гишүүд өөрсдөө нэр дэвших эрхтэй. Харин сонгох эсэх нь намын гишүүдийн бүрэн эрх. Жишээлбэл, намын гишүүний жилийн татвар 1200 төгрөг буюу сарын 100 төгрөгөө төлөөгүй яваа хүмүүс яаж нэр дэвших юм. Залуучууд дүрмээ судлаагүй байж хардаад л яваад байна. Саяхан ҮЗХ-нд орсон 40 гаруй гишүүн бүгд дүрэм зөрчиж орсон болж таарах уу. Гомдлоо Дотоод сонгуулийн хороонд гаргаж шийдүүлэх эрх нь байхад лоозон бариад үр дүнд хүрэхгүй. Эндээс үзвэл үнэхээр асуудал шийдүүлэх гэж байгаа биш тийм шалтаг далимаар зурагтаар гардаг байх гэсэн сонирхолтой ч байж болно. биш Дүрмээр тоглодог байх гэж л дүрэм зохиогдсон. 6 жил цоожилсон үед яагаад шаардлага хүргүүлээгүй байж, 6 сар болж байгаа цоожийг тайлсан хүнд яагаад шаардлага хүргүүлээд байгааг ерөөсөө ойлгохгүй байна.
-АН-ыг харлуулах хүсэлтэй гэх юм уу намаа муухай харагдуулж яваа хэсэг залуус бий. Тэдний нэг нь Дарханы АН-ын гишүүн гэх Л.Наранбаатар л даа. Гэтэл та МАН-ын хүн гэх утга бүхий зүйлийг дээр хэлчихлээ. Гэтэл гадуур Л.Наранбаатарыг Дархан-Уул аймгийн АН-ын дарга гээд ойлгочихсон байдаг?
-Хүн жаахан жудагтай, ёс суртахуунтай, ноён нуруутай байх ёстой гэж хувьдаа ойлгодог. Ардчилсан нийгэмд дуртай нэг нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд таван төгрөг өгч төлбөртэй нийтлэл гаргаад явах эрх чөлөөг өгсөн. Үүнийг далимдуулан, сошиал болон цахим ертөнцийг ашиглан ичих булчирхайгүй зүйл хийгээд явах юм. Би бол баримтаар л ярина. Л.Наранбаатар гэдэг хүнийг би өөрөө Дархан-Уул аймгийн АН-д элсүүлсэн байхгүй юу.
-Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөсөн юм уу даа?
-Манай дүү Н.Мөнхдаш над дээр дагуулан ирээд Шарын голын давгүй залуу байгаа юм гээд танилцуулсан. Дарханаас 75 км-ын зайтай байдаг Шарын голын хүүхэд л дээ. Би ч нэг сайхан залуутай болж байгаа юм байна гээд 2012 оны 8 сарын үед намд элсүүлсэн. 2012 онд Орон нутгийн сонгууль болоход Хонгор суманд нэр дэвшүүлсэн. Хуучин иргэний үнэмлэхэн дээр хаягийн шилжилтийн наалт наадаг байв даа. Гэтэл мань хүн Улаанбаатарын хаягтай байсан хирнээ Шарын голын хаягтай гэж худал хэлэн хаягийн наалтаа хуулан канондоод аваад ирсэн байсныг нь бид мэдэлгүй сонгуулийн хороонд өгсөн. Сонгуулийн хороо шалгаж үзээд үнэмлэх гардуулахдаа Дарханы иргэн биш байна гээд хасчихсан. Ингээд Хонгор суманд манай намаас нэр дэвшигчгүй болчихсон. Хаана амьдардаг, хаягаа мэдсээр байж Монгол улсын хоёр дахь том хотод АН-ын нэг суудлыг өрсөлдөгч талд зүгээр өгчихлөө, спортоо бол МАН гоц мөргөж нэг суудал авлаа. Л.Наранбаатар ч “Миний алдаа, миний буруу” гэхээр нь “за яахав” гээд өнгөрөөсөн. 2012 оны сонгуулийн дараа би Дарханы АН-ын даргын суудлаа өгчихдөг юм билүү гээд ярианы далимд хэлж байсан юм. Манай дүү болон намын дэд дарга байсан Гантулга нар “Энэ их зөв залуу. Шинэ нүүр царайтай болъё” гэхээр нь Дарханд нэг ч хүн мэдэхгүй Л.Наранбаатарыг би өөрөө батлан дааж намын дарга болгосон. Гэтэл ердөө сарын дараагаас тар нь танигдаж, Багануурын уурхайгаас нэг төсөл аваад өгөөч, мөнгө авах гэсэн юм, намын удирдлага сайдуудтай танилцуулж өг гээд намын дэд дарга Гантулгы дагуулан төрийн ордноор байнга гүйж хувийн ажлаа аймгийн АН-ын даргын нэрээр амжуулж байна гэсэн яриа байнга гарч байсан. Тэр үед миний итгэл хүлээлгэх, намын итгэл үнэмшилтэй хүн мөн үү биш үү гэж эргэлзээ төрж эхэлсэн. Янз бүрийн яриа гарч эхэлсэний дараа өөрөө ч гэсэн 3-4 удаа “Би болъё, намын даргын ажлаа өгье” гэдгээ хэлж байсан. Долдугаар сард өөрөө өргөдлөө өгөөд намын даргаас больсон. Ажлаа өгөх болсон нь бас шалтгаантай байсан.
-Ямар?
-Уул уурхайн яамны Газрын дарга болох хүсэлтэй байсан юм билээ. Архангай аймаг руу С.Эрдэнэ, Д.Ганхуяг сайд нар 7-р сард 90 жилийн ойд явсан юм. Тэр үед УУЯамны нэг газрын дарга хэл аманд ороод ажлаа өгөх сураг гарсан юм билээ. Тэгээд л тэдний араас яваад Газрын дарга болох хүсэлтэй байгаагаа хэлэх гэж байсан юм билээ. Түүнийгээ хэлж чадсан юм уу, үгүй юм уу бүү мэд. Ирчихээд над дээр орж ирээд “Та Газрын дарга болгоод өгөөч” гэхээр нь “Би асууя” л гэсэн юм. Дарханы намын даргаас больсоны дараа 2013 оны есдүгээр сарын 15-нд өөрийн хүсэлтээр АН-аас гарсан. Хонгор сумын ИТХ-ын нөхөн сонгуульд дахин нэрээ дэвшүүлж бие дааж нэр дэвшсэн. Дараа нь өөр намын гишүүн болох нь мэдэгдсэн. АН-ын намын дүрмэнд намд шинээр элсэхэд нэлээн олон шаардлагууд байдаг. Жишээ нь өөр намын гишүүн эсэхийг нягтлан үзэх гэх мэт. Л.Наранбаатар АН-ын гишүүн биш хэрнээ намын гишүүн шиг юм яриад яваад байна. Аль намд нэг суудал олж өгсөн байна, аль намд нэг суудлыг нь алдуулсан байна вэ? Ёстой хаягаа андуурна л гэж энэ байх, нэг биш хоёр удаа шүү. Хөлбөмбөгөөр бол эсрэг багийн тоглогч хувцсаа сольж өмсөөд манай хаалганд гоол хийх гээд гүйвэл яах вэ?
Намын хурал дээр Мөнх-Эрдэнэ гээд залуу лоозон барьж ирсэн дээ. Баянхонгор аймагт Х.Баттулга, Д.Ганбат гээд хоёр хүнийг итгэл хүлээлгэн нэр дэвшүүлсэн. Мань хоёр ч итгэл алдалгүй Их хуралд сонгогдсон. Хоёр гишүүний ажилд ард түмэн дүнг нь тавих ёстой. Түүнээс биш нам дүн тавихгүй. Энэ хоёр 2016 онд нэр дэвшээд ялагдчихвал 2020 онд Мөнх-Эрдэнэ нэр дэвших боломж нээгдэж байна гэсэн үг. Үүнийгээ ойлгохгүй З.Энхболд даргатай уулзаж гарч ирчихээд “Дарга ингэсэн тэгсэн” гээд яриад явсан. Үүнийг нь дэвэргээд “АН цонхоо нээ” гээд хашгичаад унасан. Тойрогт нэр дэвшээд унасан хүн ямар ч хариуцлага хүлээдэггүй. Намын дарга хариуцлага хүлээдэг. Намын даргын эрх мэдэл зарим талдаа хязгаарлагдмал. АН-ын дүрэм бол бие биенийгээ хянасан айхтар дүрэм.
-Мөнх-Эрдэнэ гэдэг хүн гарах магадлалтай болоод намын дарга дээрээ орсон юм биш үү?
-З.Энхболд дарга зарчимч шударга хүн болохоор Мөнх-Эрдэнэд “Энэ удаа чамд боломж алга. Баянхонгорт Баттулга, Ганбат гээд хоёр хүн байна” гэдгийг нь шууд хэлсэн байна лээ. Харин өөр бөөрөнхий дарга байсан бол “Чи ч болох магадлалтай юм байна” гээд гаргачихсан бол өнөөх чинь аймагтаа очоод хөрөнгө мөнгө зараад бужигнуулаад эхэлнэ биз дээ. Дараа нь хөрөнгө мөнгөөрөө хохирох биздээ. Чамд боломж энэ удаа алга гээд шударгаар хэлсэнийх нь төлөө Мөнх-Эрдэнэ өлгөж аван өөрөө дураараа бүгдийг шийдэх гэж байна гэж хэл ам гаргаж байсан.
Харин Л.Гүндалайд боломж олгосон шүү дээ. Гурван удаа гарчихсан. 2012 онд дөрөв дэх удаагаа яваад өрсөлд гэсэн боловч уначихсан. Ялагдчихсан болохоор намаас нэр дэвших боломжгүй болсон тул Л.Гүндалай өөр нам руу явчихсан юм. Гэтэл энд залуучууд “Хаалгаа нээ” гээд унасан. Угаасаа нээлттэй хаалгыг яаж нээх юм бэ? Хаалга эвдэхийг хэлж байгаа юм уу? Хаалга нээлттэй байна гэхээр заавал босгон дээр нь хөндөлсөж, чихэлдэх ашиг завшаан болгоод байх юм.
Энэ залуус Улаанбаатар хотод байдаг бол эхлээд дүүрэгт ИТХ-ын төлөөлөгч, аймгийнх бол суманд ИТХ-ын төлөөлөгч болж шат дараалан явбал зүгээр юм болуу. Намын биш хүмүүс ингэж дуугараад байгаа бол “та манай намын төлөө дуугарах хүн биш” гэдгийг нь хэлэх ёстой. Би “Өдрийн сонин”-д ямар ч хамааралгүй байж “Би Өдрийн сонины сэтгүүлч” гээд яваад байвал та нар таатай хандахгүй дээ. Үүнтэй чинь адилхан байхгүй юу. Хуулийн хариуцлага хүлээх ёстой биз дээ. Гэтэл Л.Наранбаатар Дарханы Ардчилсан намын нэр бариад яваад байх юм.
-АН-ын байрны үүдэнд Дарханы АН-ынхан жагсаал хийсэн. Тэнд МАН-ынхан байсан гэдэг үнэн үү?
-Намын байрны үүдэнд янз бүрийн эрээвэр хураавар хүмүүсийг аваачиж жагсаасан асуудал бий. Манай намын Хяналтын ерөнхий хороо эрхзүйн чадамжгүй, дүрмээ мэддэггүй нөхдүүд даргын заавраар ажиллаж дүгнэлт гаргаж байсан. Тэр дүгнэлт гарснаар Дархан-Уул аймгийн намын хороо дахин хуралдахаар болсон. Улаанбаатараас намын ЕНБДарга Ц.Оюундарь, намын нарийн бичгийн дарга нар болох Анхбаяр, Батсуурь, Мягмарсүрэн тэргүүтэй ХЭГ-ын бүрэн бүрэлдэхүүн ирж 12-р сарын 24-ний өдөр аймгийн намын хороог дахин хуралдуулж Н.Мөнхдашийг Дархан-Уул аймгийн АН-ын даргаар албан ёсоор сонгосон.
-Эрх мэдэл авахын тулд ингэж улайраад байгаа юм болов уу. Шантаажаар албан тушаал авах гэсэн оролдлого гэх юм?
-Би бол тэгж харж байна. Шантааж хийж байгаад ажил албанд очсон хүмүүс их байдаг шүү дээ. Би намын Нарийн бичиг байсан О.Чулуунбилэгтэй уулзаад Л.Наранбаатар ингээд байна гэхэд тухайн үед генсек байсан Ц.Оюундарьд хэлээд түүнтэй уулзсан юм билээ. “Чи юу хүсээд байгаа юм” гэхэд “Би Тавантолгойн ТУЗ-ийн дарга эсвэл Ашигт малтмалын газрын дарга болъё” гэж хэлсэн. Хар л даа. Ямар юмных нь улс төр байгаа юм бэ. Би сүүлдээ “Энэ нөхөр хэний даалгавраар ингэж явдаг юм байх” гэж бодоход хүрсэн. Үүний ард заавал хүн байгаа. Баялаг бүтээгч гээд л хэдэн хүнтэй суух юм. Тавантолгой гээд л сууж байгаа харагдах юм. Түүнд мэдэхгүй юм гэж алга. Оролцохгүй юм гэж алга. Л.Наранбаатар баялаг бүтээгч мөн үү. Тийм хэрнээ тэрийг тэг гэчихсэн явж байна лээ. Өчигдөр (уржигдар) нам шинэчилдэг хүн болчихсон тууж явсан. Манай намын гишүүн биш байж. Би сүүлдээ МАН-ын дааалгавраар ингэж явдаг юм болов уу гэж хардахад хүрч байна. Хардах эрх надад бий байх.
-Тэр нь хэн юм?
-Тэрийг би яаж мэдэхэв. Монгол жижигхэн юм болохоор ил гарах байлгүй дээ. Удахгүй гараад л ирнэ. Сонгууль дөхөөд ирэхээр жижиг нөхдүүд том хүмүүстэй наалдах гэж зүтгэдэг. Тэр нь өөрийнх нь Пи Ар болдог байхгүй юу. С.Жавхлан гэхэд Ерөнхийлөгчийг халз мэтгэлцээнд дуудлаа гээд байгаа биз дээ. З.Энхболд дарга руу хандаад юм яриад байгаа болохоор Л.Наранбаатарыг зүс таньдаг хүн бага сага нэмэгддэг байх. Харин тарыг нь таних бол өөр хэрэг.
Э.ЭНХБОЛД