Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор зориулалтын зогсоолд машинаа тавилгүй, нэгдүгээр эгнээнд байрлуулсан жолооч нарын машиныг ачих, дугуйг нь түгжих журам хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн. Харин энэхүү журмыг ШӨХТГ-аас хууль бус хэмээн үзэж “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ыг илт хүчин төгөлдөр бус захиргааны актад тооцуулахаар захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн сарын 24-ний өдөр хянан хэлэлцэж “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ыг хууль бус болохыг тогтоожээ.
Уг нь ачилтын төлбөрийг нь тухайн үед ЦЕГ-ын дарга тогтоох эрхтэй байтал хотын удирдлагууд өөрсдөд нь хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж, 2013-2014 онд ачилт бүрээс 70.000 төгрөгийн хууль бус төлбөр хураажээ. Тодруулбал, Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төв 9230 жолооч иргэнийг 647 сая төгрөгөөр хууль бусаар торгосныг ШӨХТГ тогтоосон. Угтаа бол энэ үйлдэл нь мөсөн уулын зөвхөн орой нь. үүний цаана хувийн олон компани, иргэдийг их хэмжээгээр хохироосон гэсэн үг.
Тиймээс энэ асуудлаар ШӨХТГ, Шударга төрийн төлөө ТББ, Хуульч эмэгтэйчүүдийн холбоо ТББ зэрэг газар хамтран хохирогч иргэдийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргаад байсан билээ. Өөрөөр хэлбэл, “НЗД-ын 2013 оны А/769 захирамж нь хууль бус учраас хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан юм. Гэтэл хотын дарга уг хууль бус захирамжаа орлогчоороо хүчингүй болгуулж хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн ч ШӨХТГ-аас дээрх А/769 захирамж анхнаасаа илт хууль бус захиргааны акт байсан хэмээн нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрчилжээ. Тиймээс энэ хэрэг өнөөг хүртэл сунжирч өнгөрсөн сарын 9-ний 13:00 цагаас шүүх хурлыг товлоод байсан юм. Ямартай ч хотын удирдлагуудын энэ мэт хууль бус шийдвэрүүдийг шат, шатны байгууллагууд тогтоож шүүхийн шийдвэрүүд ч эхнээсээ гарсаар байна.
Гэтэл нэр хүндээ бодсон дарга нар маань ард иргэдийнхээ талд үнэн, зөв шийдвэр гаргахыг зорьж буй ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайханыг “Хүний хийсэн ажлыг хэтэрхий улстөржүүлж байна” хэмээн хэвлэлээр шуугиж байсан удаатай. Тэгвэл удаан хугацааны туршид энэ ажлыг бодитоор хэрэгжүүлж чадсан Т.Аюурсайханы ачаар хэрвээ бидний машиныг ачихаар бол заавал цагдаа байлцуулж, дотор нь хүнтэй болон жолооч нь хүрч ирсэн тохиолдолд ачихгүй байх зэрэг олон ажлил одоо л нэг биелэлээ олох шиг боллоо. Ямартай ч ашгийн төлөө хэт хөөцөлдөж бусдын эд хөрөнгийг хайр гамгүй эвдэж байсан машин ачилт одоо л эмх цэгцтэй болж зөвхөн цагдаагийн алба хаагчийн дуудлага, бичгээр үйлдсэн шийдвэрээр зөөвөрлөхөөр болсон нь ачигч компаниуд дураараа дургиж иргэдийг хохироохооргүй боллоо.
Эх сурвалж: Өглөөний сонин