Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.10.22. Пүрэв гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 09.00 цаг 54 минутад гишүүдийн 51.3 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулав. Энэ үеэр хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурал дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн зүгээс Өршөөлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр авсан завсарлагаа дахин 3 хоногоор сунгах хүсэлт гаргасан. Энэхүү хүсэлтийг хуралдаан даргалагч ёсоор болгосноор хуулийн төслийн хэлэлцүүлэг хойшлогдов. Түүнчлэн Улсын Их Хурлын дарга чуулганы нэгдсэн хуралдааны танхимд Улсын Их Хурлын гишүүн-Засгийн газрын гишүүдэд зориулсан тусгайлсан суудал /блок/ гаргасан болохыг дуулгасан юм. Ингэснээр Улсын Их Хурлын гишүүн-Засгийн газрын гишүүд нэг дор сууж гишүүдийн асуултад хариулт өгөх, ирц нь тодорхой байх боломж бүрдэх юм.
Засгийн газраас нэн яаралтай дэгээр хэлэлцүүлж зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар өргөн барьсан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Нэгдсэн хуралдаанаар эхлээд Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Засгийн газраас Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд мөн өдөр Төсвийн байнгын хороо хуралдан хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж улмаар өчигдөр /2015.10.21/ анхны хэлэлцүүлгийг хийгээд байсан юм.
Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл танилцуулав.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан тодруулга хийсэн. Хэлэлцэж буй асуудлаар үг хэлэх гишүүн гараагүй. Тодруулгын дараа байнгын хорооны саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Дараа нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулсан. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асуух болон санал хэлэх гишүүн байгаагүй юм. Ингээд санал хураалт явуулахад хуульд нэмэлт оруулах дээрх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн.
Үүний дараа Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлсэн. Байнгын хороогоор анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол танилцуулав.
Тэрээр, байнгын хороогоор хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийх явцад Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, импортын архины онцгой албан татварыг бууруулахгүйгээр, эх орны үйлдвэрийн архины онцгой албан татварыг нэмэгдүүлж, татварыг ижил тэнцүү болгох нь зүйтэй, мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг эх орны үйлдвэрийн болон импортын 25-40 хүртэл хатуулагтай бүх төрлийн цагаан архи, ликёр ба кордиалд ногдуулах онцгой албан татварыг 1 литр тутамд 8000 төгрөг, 40 ба түүнээс дээш хатуулагтай бүх төрлийн цагаан архи, ликёр ба кордиалд ногдуулах онцгой албан татварыг 17550 төгрөг, бүх төрлийн коньяк, виски, ром, джинд ногдуулах онцгой албан татварыг 19500 төгрөг болгох нь зүйтэй гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжээгүй. Тус байнгын хорооны гишүүдийн гаргасан дээрх саналуудад Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, Л.Эрдэнэчимэг, Ц.Даваасүрэн нар цөөнх боллоо хэмээн танилцуулсан. Мөн байнгын хорооноос хууль, тогтоолын төслүүдэд техникийн болон найруулгын шинжтэй зарим саналууд гаргасан талаар түүний танилцуулгад дурдагдсан.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд хууль санаачлагчаас зарим тодруулгыг авав. Гишүүд, олон улсын хэлэлцээрт нийцүүлэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй боловч татвар нэмэхдээ дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих нь зүйтэй талаар байр сууриа илэрхийлж байлаа. Ингээд санал хураах болоход байнгын хороо дэмжээгүй Д.Дэмбэрэл гишүүний зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүд хүлээн авах нь зүйтэй хэмээн үзсэнээр дараагийн хэлэлцүүлэгт дахин хэлэлцүүлэхээр байнгын хороонд шилжүүлсэн юм. Мөн уг санал дэмжигдсэнтэй холбогдуулан Л.Эрдэнэчимэг гишүүний санал агуулгын хувьд давхардсан тул тэрээр саналаа татан авч буйгаа мэдэгдсэн.
Ийнхүү хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон баталлаа
Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газрын хоорондын 2003 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийх байв. Хэлэлцүүлгийн эхэнд уг асуудалтай холбогдуулан Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нэмэлт тайлбар хийсний дараа хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.1 хувь нь дэмжсэнээр хэлэлцээрийг соёрхон баталлаа.
Монгол-Оросын “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрт тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналыг оросын тал 2013 онд тавьсан. ОХУ-ын ЭСЯ-ны 2013 оны 3 дугаар сард ноот бичгээр оросын талын хувьцаа эзэмшигчийг “Ростехнологи” /дараа нэр нь өөрчлөгдөж “Ростех” болсон/ болгон өөрчлөх, оросын талын ногдол ашгийг түүнд шилжүүлж байхаар нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг ирүүлсэн байна.
Энэ дагуу Засгийн газраас өргөн бариад байсан Монгол-Оросын “Монголросцветмет” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн танилцуулсан.
Тэрээр, манай холбогдох яам, Төрийн өмчийн хороо оросын талын саналыг судалсны үндсэн дээр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам /хуучин нэрээр/ дээрх хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколын төслийг боловсруулан Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Засгийн газар төсөлд Оросын талын хувьцаа эзэмшигчийг “ОХУ-ын Засгийн газар, эсхүл түүний итгэмжилсэн төрийн өмчийн хуулийн этгээд, байгууллага” байхаар шийдвэрлэж, УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтсон. Үүний мөрөөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, нэмэлт, өөрчлөлт оруулахыг Засгийн газарт зөвшөөрсөн юм.
Оросын талд тус асуудлыг уламжилсан боловч манай талын саналыг хүлээж аваагүй, харин хувьцаа эзэмшигчээ “Ростех” улсын корпораци байна гэж санал дахин тавьсан. Иймд асуудлыг Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаан, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар дахин хэлэлцүүлж, Засгийн газар хоорондын протокол байгуулахыг дэмжсэн. Гарын үсэг зурах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 136 тоот захирамжийн дагуу тус протоколд Уул уурхайн сайд Р.Жигжид 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гарын үсэг зурсан болно.
Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 20 дугаар зүйл, Олон улсын гэрээний тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг боловсрууллаа хэмээн танилцуулсан.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг танилцуулав. Байнгын хорооны санал дүгнэлтэд дээрх протоколыг Засгийн газрын өргөн мэдүүлсэнээр соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Б.Гарамгайбаатар, А.Бакей, Ж.Энхбаяр нарын гишүүд асуулт асууж, тодруулга хийв.
Ингээд байнгын хорооны саналаар санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжсэнээр Монгол-Оросын “Монголросцветмет” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон баталлаа.
Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах бодлогын талаарх УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ
Үдээс өмнөх хуралдааны төгсгөлд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал танилцуулсан.
Харин Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан танилцуулав.
Монголбанкны Ерөнхийлөгчийн илтгэл, байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, А.Бакей, Д.Ганхуяг, Ц.Нямдорж, Ж.Энхбаяр, О.Содбилэг, С.Дэмбэрэл, Д.Хаянхярваа, Д.Лүндээжанцан, Д.Арвин нар тодруулга хийж, өөрсдийн байр суурийг илэрхийлсэн.
Гишүүдийн асуултын дараа “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж Б.Гарамгайбаатар, С.Дэмбэрэл, Ж.Энхбаяр нар үг хэлсэн бол тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар шүүмжлэлтэй хандаж Ж.Батзандан, Д.Хаянхярваа нар үг хэлсэн юм. Ингээд гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлсний дараа үдийн завсарлагын цаг болсон тул хуралдааныг түр завсарлууллаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.