Дорнод аймгийн цагдаа нар хятадын цагдаа нарын хувцасыг өмсөж зургаа даруулсан нь цахим ертөнцөд дуулиан тарьсан. Тэгвэл тус аймагтай холбоотой бас нэгэн анхаарал татах үйл явдал болоод байна. Тодруулбал, тус аймаг төв гудамжныхаа нэрийг хятад ханзаар бичсэн байна. Зарим хүмүүсийн хэлж буйгаар Засаг даргын тушаалаар ингэж бичсэн гэх
Энэ талаар тус аймгийн удирдлагууд ямар нэгэн тайлбарыг хийгээгүй байгаа ч энэ нь буруу үйлдэл гэдгийг илтгэх хэд, хэдэн зүйлийг дурдъя.
Өнгөрсөн онд батлагдсан Монгол хэлний тухай хуулинд аливаа гудамж, талбайн нэрийг крилл эвсэл уйгаржин монгол бичгээр бичнэ гэж заасан байгаа. Тэгэхээр Дорнодын удирдлагуудын энэ үйлдэл хууль зөрчсөн гэсэн үг. Монголчуудын хайртай “Монголын радио хятадаар мэндэлвэл би үхнэ” гэсэн шүлэг байдаг. Гэтэл Монгол улс тусгаар улс хэвээрээ байхад Дорнод аймаг нь Хятадын колони мэт аашилж гудамжныхаа нэрийг хүртэл хятад ханзаар бичсэн нь олон нийтийн дургүйцлийг ихэд хүргээд байна. Тус аймагт төрийн хуулийг хэрэгжүүлэх, тусгаар тогтнолоо хүндэтгэх ойлголт байхгүй болсон бололтой.
Үүнийг зарим хүмүүс Халх голд чөлөөт бүс байгуулах асуудалтай ч холбон тайлбарлаж байгаа юм. Халх голд чөлөөт бүс байгуулах асуудлыг УИХ-аар хэлэлцэж баталсан. Засгийн газраас албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхлээгүй ч тус газарт хятадууд аль хэдийн тариа, ногоо тариад эхэлчихсэн байгаа. Тэдэнд Халх гол сумын удирдлагууд зөвшөөрөл өгсөн гэдэг.
Дорнод аймаг нь Хятад улстай хиллэдэг. Гэхдээ энэ нь гудамжаа хятадаар нэрлэж, хятадуудыг нутаг дэвсгэр рүү гээ дураараа оруулж болно гэсэн үг биш. Бүх зүйл Монгол улсын хуулийн дагуу явагдах ёстой билээ.
hunnu.mn