Нэр бүхий сургуулиудын хүүхдүүд үдийн хоолноос хорджээ

12188003_1167512983276080_7580468262812126989_oХүрээ, Олонлог, Олон улсын “И-Эс-Эм” /хуучнаар Эрэл/ сургуулийн хүүхдүүдийн дунд бүртгэгдсэн хоолны хордлого, хордлогот халдварын шалтгаан, эх уурхайг тогтоох, голомтыг таслан зогсоох зорилгоор НМХГ-ын ЭМБСХХ-ээс ХӨСҮТ-тэй хамтран тандалт судалгаа, хяналт шалгалт хийж ажилласан байна.
НЭГ. ТАНДАЛТ СУДАЛГААНЫ ТАЛААР
2015 оны 4 сард “Хүрээ” сургуульд бүртгэгдсэн хоолны хордлогын үед 1-5 ангийн 160 сурагч, 9 багшид тандалт судалгаа явуулахад 72 буюу 69 сурагч, 3 багшид, Олон улсын “И-Эс-Эм” бүрэн дунд сургуулийн 105 хүн буюу 98 сурагч, 7 ажилтан хамрагдсанаас 47 хүүхдэд, Олонлог бүрэн дунд сургуульд бүртгэгдсэн хоолны хордлогын үед тандалт судалгаанд хамрагдсан 1-5 ангийн 352 сурагчаас 167 сурагчид эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн байна.
ХОЁР. ЭРҮҮЛ ЗҮЙН ХИМИ, ХОР, НЯН СУДЛАЛЫН ШИНЖИЛГЭЭНД ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮН, ХООЛНЫ ДЭЭЖИЙГ ХАМРУУЛСАН БАЙДАЛ
Тандалт судалгааны явцад 3 сургуулиас нийт ахуйн болон ундны усны 5, хоолны 16, хүнсний бүтээгдэхүүний 13 дээж авч МХЕГ-ын болон НМХГ-ын нэгдсэн, төв лабораториудад шинжлүүлэн, шинжилгээний дүнг үндэслэн дүгнэлт гарган ажиллажээ.
Шинжилгээний дүнгээс харахад Хүрээ сургуулийн цайны газарт хийсэн Хөц будаатай шөлөнд bacilluis cereus/1 гр-д/ 7.8*102 , “И-Эс-Эм” бүрэн дунд сургуулиас авсан хоолны дээжийн 4 буюу 57% нь, Олонлог сургуулаас авсан хоолны дээжний 4 буюу 50%-д нь ББЕТ, колиформ 1х102-5.6х102, колиформ <10-4.8х102, 2015.10.13-ны хүүхдийн хоолны дээж /төмсний хучмал/-д 25 гр-д Enterbacter cloacae, 2015.10.12-ны луувангийн хачир, 2015.10.13-ны агшаасан будаанд Klebsiella oxytoca, klebsiella pneumonia зэрэг гэдэсний эмгэг төрөгч нян илэрсэн нь “Хүнсний бүтээгдэхүүн дэх бичил биетний аюулгүй байдал болон эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээ” MNS 6308:2012 стандартын шаардлагыг хангаагүй байна.
ГУРАВ.ИЛРҮҮЛСЭН ЗӨРЧИЛ, ДУТАГДАЛ, ШАЛТГААН, ТҮҮНЭЭС ГАРЧ БОЛЗОШГҮЙ БУЮУ ГАРСАН ХОХИРОЛ, ЗӨРЧИГДСӨН ХУУЛЬ, ТОГТООМЖ, ДҮРЭМ, ЖУРАМ, СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТ
3.1 Олонлог сургуулийн цайны газрын хоол үйлдвэрлэлийн технологи, урсгал ажиллагаа стандарт, эрүүл ахуйн шаардлага хангахгүй, хоол үйлдвэрлэл, бэлтгэл, угаалгын хэсэг хамт байрладаг, хүнсний зориулалтын агуулахгүй, үдийн цай, үдийн хоол бүрт технологийн картыг боловсруулж, баталж мөрдүүлээгүй, түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний баталгаажилт хангалтгүй, Үдийн цайнд нийлүүлсэн сүү, тараг нь гарал үүсэл, ариун цэврийн гэрчилгээгүй, мал амьтан, ургамлын гаралтай хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл, дотоод хяналт тавих журам боловсруулаагүй, дотоод хяналт хийж ажилладаггүй.
Цайны газрын 2 ажилтан нь эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамрагдаагүй, нян судлалын лабораторигүй эмнэлгээр нян тээгчийн шинжилгээг хуурамчаар бичилт хийлгэсэн.
3.2. Хоолны хордлого, хордлогот халдвар бүртгэгдсэн Олонлог, И-Эс-Эм, Хүрээ сургуулиудын хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, эд зүйлс, багаж тоног төхөөрөмж, ангиудын ус цэвэршүүлэх төхөөрөмжийн цорго, аяга хэрэгсэл бүхий нийт 80 цэгээс авсан эрүүл зүйн бичил амь судлалын арчдас шинжилгээгээр 53 буюу 66,2 хувьд нь Enterobacter, E.coli илэрсэн нь сургуулиудын цайны газарт ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийн мөрдөлт хангалтгүй байгааг харуулж байна.
3.3 Хүрээ дунд сургуулийн цайны газрын ажлын байр нь зураг төслийн дагуу баригдаагүй, халуун боловсруулалт, угаалга, бэлтгэл, агуулах, ажилчдын хувцас солих хэсэг 1 дор зохион байгуулагдсан. Хоол бүрт жор, технологийн картыг боловсруулан баталж, мөрдөж ажилладаггүй, хоол үйлдвэрлэлд хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоож, бүртгэл хөтлөөгүй, мах болон будаагаа чанаж болгон тасалгааны температурт хонуулсан бүтээгдэхүүнээр хоол үйлдвэрлэсэн, түүхий эд, бүтээгдэхүүн, хүнсний нэмэлтийн гарал үүсэл, дагалдах бичиг баримт, баталгаажилтгүй, гарал үүслээр нь ангилан хаяглаж хадгалдаггүй, бэлэн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн, түүхий эдийг тус тусад нь зориулалтын хөргөх төхөөрөмжинд хадгалдаггүй, температурыг хянаж бүртгэл хөтөлдөггүй, ажлын байрны өдөр тутмын угаалга, цэвэрлэгээг графикийн дагуу тогтмол хийдэггүй, бүртгэл хөтлөөгүй, тоног төхөөрөмжийн бүх хэсэгт жигд хүрч цэвэрлэх боломжоор хангагдаагүй, цэвэрлээгүй, хяналт тавьдаггүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
3.4. Олон улсын “И-Эс-Эм” бүрэн дунд сургуулийн цайны газар нь хоол бүрт жор, технологийн картыг боловсруулаагүй, хоолны дээжийг заавар журмын дагуу авдаггүй, хоол үйлдвэрлэлд хэрэглэж байгаа хоол амтлагчууд нь хаяг шошгын зөрчилтэй, зарим нэрийн түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний баталгаажилтгүй, багш, ажилтнууд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамрагдаагүй зэрэг зөрчил илэрлээ.
ДӨРӨВ. ШАЛГАЛТЫН ЯВЦАД АВСАН АРГА ХЭМЖЭЭ, МЭРГЭЖЛИЙН ТУСЛАЛЦАА ӨГСӨН БАЙДАЛ:
• Хоолны хордлого, хордлогот халдварын байдалд эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын болон хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчид ХӨСҮТ-ийн халдвар судлагч эмч нартай хамтран тандалт судалгаа хийж, танадалт судалгаа, хяналт шинжилгээнд хамрагдсан 3 сургуулийн 220 багш, ажилчид, сурагчдад хоолны хордлогот халдвараас сэргийлэх сэрэмжлүүлэг, хүнсний аюулгүй байдлыг хангах, зохистой дадлыг нэвтрүүлэх, цэвэрлэгээ, халдваргүйтгэл, ариун цэврийн зөв дадал хэвшүүлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн.
• Шалгалтын явцад Хүрээ, Олонлог , И-Эс-Эм сургуулиудын цайны газрын үйл ажиллагааг, Олонлог сургуулийн 1-5 дугаар ангийн сургалтын үйл ажиллагааг, “Мэжик мий”т ХХК-ний үхрийн аж ахуйн сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үйл ажиллагааг улсын байцаагчдын хамтарсан актаар зөрчлийг арилгах хүртэл түр хугацаагаар тус тус зогсоож, зөрчил гаргасан 3 албан тушаалтанд 6.336.0 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авч, барагдуулан ажиллажээ.
• Эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн сурагчдыг өрхийн эмчийн хяналтанд эмчлэн эрүүлжүүлэн, цаашид эмчийн хяналтанд нэг сар үзүүлж зөвлөгөө авч байхыг сургуулиудын захиргаа, эмч нарт зөвлөсөн байна.
• Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн чанар, баталгаажилтын байдалд шалгалт хийх удирдамж боловсруулан батлуулж, Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Сонгинохайрхан Эрүүл мэндийн төв, Эс Эс Эл Жи, Батном, Микроб, Гялс лабораториудад шалгалт хийж, хуурамч шинжилгээ бүрдүүлэн, гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан 1 байгууллага, 6 албан тушаалтанд 12.096,000 мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулжээ.
Дүгнэлт:
Тархвар судлалын судалгаа, илэрсэн эмнэлзүйн шинж тэмдэг, лабораторийн шинжилгээний болон хяналт шалгалтын дүнгээс үзэхэд дээрхи сургуулиудын цайны газарт хоол үйлдвэрлэлийн урсгал ажиллагаа болон хоолны технологийн горим зөрчигдсөн, ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг мөрдөж ажилладаггүй, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний баталгаажилт хангалтгүй, хадгалалт, тээвэрлэлтийн горим зөрчигдсөн, үйлдвэрийн бус аргаар гэрийн нөхцөлд үйлдвэрлэсэн сүү, тараг нийлүүлдэг /Олонлог/, хүнс дам бохирдох нөхцөл бүрдсэн, гал тогооны ажиллагсад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамрагдаагүй, хуурамчаар бичилт хийлгэсэн /Олонлог/ , хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд дотоодын хяналт тавьж ажилладаггүй зэрэг нь нянгийн гаралтай олныг хамарсан хоолны хордлого, хордлогот халдвар гарах шалтгаан нөхцлийг бүрдүүлсэн байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …