Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан Салхит салхин цахилгаан станцад ажиллав.
Монголын анхны салхин парк болох Салхит нь Улаанбаатар хотоос 75 км зайнд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрладаг бөгөөд 2013 оны 6 дугаар сараас бүрэн ашиглалтанд орж одоог хүртэл амжилттай ажилласаар байна.
Салхин станц нь Женерал Электрик компанийн 1.6 МВт-ын хүчин чадалтай 31 салхин турбин үүсгүүрээр тоноглогдсон. Жил бүр хүлэмжийн хийн ялгарлыг 180 мянган тонноор бууруулахаас гадна 1.6 сая тонн цэвэр ус болон 122 мянган тонн нүүрсийг хэмнэх аж. Байгаль орчинд ээлтэй энэхүү 50 МВт-ын салхин станцын үйлдвэрлэсэн цахилгаан нь Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн цахилгаан дамжуулах сүлжээнд нийлүүлэгдэж байгаа юм.
Клин Энержи компанийн гүйцэтгэх захирал Ц.Сүхбаатар станцын үйл ажиллагааны талаар Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан болон бусад төлөөлөгчдөд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан энэ үеэр хэлэхдээ, нэг жилийн өмнө ирэхэд Салхит салхин цахилгаан станцад хууль эрх зүй болон үнэ тарифын талаар тулгамдсан асуудал олон байсан. Харин нэг жилийн дараа ирэхэд маш сайн ажиллаж олон асуудлыг шийдсэн байна. 2015 оны хаврын чуулганаар Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль болон Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлагдаж эрчим хүчний салбарын хууль эрх зүйн орчин боловсронгуй болсон. Мөн эдгээр хуулиуд батлагдсанаар монголын анхны салхин станцын үнэ тарифын болон бусад асуудал шийдэгдэж, салбарын яам, агентлагууд, холбогдох байгууллагууд хамтран ойлголцож ажилласнаар станцын үйл ажиллагаа саадгүй явагдаж байна. Дэлхий нийтээрээ нүүрснээс татгалзаж эхэллээ. Тиймээс нар, салхи, усаар эрчим хүч үйлдвэрлэх тал дээр манай улс анхаарах хэрэгтэй. Одоогийн байдлаар нараар эрчим хүч гаргах 3, салхиар эрчим хүч гаргах 5 нийт 8 станц барих хүсэлт ирээд байгаа гэлээ. Энэ үеэр төлөөлөгчид 1.6 МВт-ын хүчин чадалтай салхин турбины ажиллах явцтай танилцсан юм. Энэхүү арга хэмжээнд Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Диспетчерийн үндэсний төвийн төлөөлөгч нар оролцлоо.