С.Эрдэнэ: 40 орчим хүнтэй холбоотой 46 сая төгрөгийн асуудал шалгагдаж байна

6cldi2upvdnum0k2pop461jest

Долоо хоног бүрийн пүрэв гарагт болдог “Сайдын цаг” уулзалтад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцлоо. Тэрээр “Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо анхны хэлэлцүүлгээр дэмжсэн, чуулганаар хэлэлцэж эхэлж байна. Энэ хууль батлагдвал тэтгэвэр авч байгаа иргэдийн нийгмийн баталгаа болно гэдэгт итгэлтэй байна. Ахмад настны нийгмийн хамгаалал, тэдний амьдралд учирч байгаа аливаа эрсдэлээс хамгаалах нь энэ хуулийн зорилго юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүний эрхийн тухай хуулийн төслийг Нийгмийн бодлогын байнгын хороо анхны хэлэлцүүлгээр дэмжлээ. Энэ хууль гарснаар хөгжлийн бэрхшээлтэй 110 мянган иргэний эрхийн асуудал хуульчлагдаж, эрх зүйн шаардлагатай байгаа зохицуулалтууд хангагдах юм” хэмээлээ.

Салбартаа хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өгсний дараа сэтгүүлчдийн асуултад ийн хариулсан юм.

-Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэг рүү чиглүүлэхээр болсон. Хэдэн төгрөгийн орлоготой гэр бүлд хүүхдийн мөнгө очно гэсэн үг вэ?

-Нийт өрхийн амьжиргааг 20 бүлэгт хуваасан байдаг. Үүний 1-17 дахь бүлэгт хамаарах бүлэгт хүүхдийн мөнгийг олгоно. Ер нь хавтгайрсан халамжийг зорилтот бүлэгт чиглүүлье гэдэг бол үндсэн зорилго. Улстөржсөн нийгмийн халамжаас татгалзах хэрэгтэй. Хэн нэгэн иргэний хүүхдийг ямар нэгэн байдлаар алагчилсан зүйл байхгүй. Хэрэв тухайн иргэн хүүхдийн мөнгөө авъя гэвэл хүсэлт гаргах эрх нь нээлттэй.

-Тэтгэврээ хуурамчаар тогтоолгох гэсэн оролдлого олон гардаг уу?

-Тэтгэврээ хуурамчаар тогтоолгох гэсэн оролдлого цаг ямагт гардаг. Ийм зөрчлийг тухай бүрт нь тогтоож, шаардлагатай гэвэл хууль хяналтын байгууллагад шилжүүлдэг. Тэтгэвэр тогтоолгох гэсэн оролдлого бол явцгүй. Манайх Улсын бүртгэлийн ерөнхий газар болон бусад байгууллагатай цахим сүлжээгээр холбогдсон. Тэгэхээр иргэний мэдээлэл бүрэн ил тод байж байдаг.

-Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг хэрхэн зохицуулах боломжтой вэ?

-Нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийн зээлийн хүүг бууруулахад үүрэг хүлээх мэтээр зарим хүмүүс яриад байдаг. Тэтгэврийн зээл гэдэг бол нэг талаас тэтгэвэр авагч, нөгөө талаас арилжааны банк хоёрын хоорондын харилцаа юм. Хөндлөнгийн буюу нийгмийн даатгалын байгууллагын оролцоо энд байхгүй. Гэхдээ тэтгэвэр авагчдын эрхийг хамгаалах үүднээс Монголбанктай энэ асуудлаар хамтарч ажиллаж байна. Он гараад тэтгэврийн зээлийн хүүг сарын 1.5 хувиас 1.1-1.2 хувь болгож бууруулахаар ажиллаж байгаа.

-10 мянган нас барсан хүний нэрээр салбарын мэргэжилтнүүд ихээхэн хэмжээний мөнгө завшсан гэх мэдээлэл цацагдсан. Энэ тухай салбарын сайдын хувьд та ямар тайлбар хийх вэ?

-Олдож байгаа боломжийг ашиглаад хариуцлагатай мэдэгдэхэд, энэ асуудал шалгагдаад дууссан гэдгийг хэлье. Нийтдээ анх цагдаагийн байгууллагаас 14 мянга хүний нэр бүхий файлыг шалгуулахаар ирүүлсэн. Түүнийг нь шалгаад үзэхэд нас барсан иргэдийн мэдээлэлтэй таарахгүй байсан. Түүн дотор ганц нэг мэдээлэл таарсан. Энэ дагуу бүх шалгалтыг хийгээд цагдаад буцааж өгсөн. Дахин цагдаагийн байгууллагаас холбогдох хүсэлт ирсэн. Энэ дагуу шалгаад хариуг нь өгсөн. Үүний дараа цагдаагаас 10 мянган хүнтэй холбоотой их хэмжээний мөнгө завшсан гэх мэдээлэл цацагдсан. Иймээс шуурхай арга хэмжээ авч, сайдын зөвлөлийг хуралдуулсан. Нийгмийн даатгалын хяналтын 100 гаруй байцаагчийг 14 хоног ажиллуулж, 14 мянга орчим тэтгэвэр авагчийн тэтгэвэр, мөн 10 жилийн хугацаанд нас барсан 123 мянган хүний баримт бичгийг шалгалаа. Шалгалт 21 аймаг, 9 дүүргийг хамарсан. Уржигдар эцсийн дүн мэдээ гарлаа. Өнгөрсөн 10 жилд нийт 123 мянган хүн нас барж, нийгмийн даатгалаас 37,8 тэрбум төгрөгийн оршуулгын зардалд олгосон байна. Энэ дотроос зөрчилтэй гэх 14 мянган хүний материалыг шалгахад 170 орчим зөрчил илэрсэн. Энэ зөрчил нь жилд 10 орчим ноогдож байгаа юм. Гэхдээ эдгээр зөрчил нь тухайн жилдээ арилгагдаад явсан байдаг. Нас барсан хүний тэтгэврийг зориудаар авсан гэхээсээ иргэний хасалтыг ар гэрийнхэн нь хийгээгүй зэрэг тохиолдол байдаг юм билээ. Одоо 40 орчим хүнтэй холбоотой 46 сая төгрөгийн асуудал шалгагдаж байна. Энэ асуудал хуулийн байгууллагад шилжсэн.

-Гэр бүлийн тухай хуульд гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн тохиолдолд хариуцлага тооцно гэсэн заалт орсон гэж яригдаж байсан. Энэ тухайд?

-Гэр бүлийн тухай өмнөх хууль нь өнөөгийн шаардлагыг хангахгүй байдалд хүрээд байна. Гэр бүлийн харилцаанд байгаагүй цоо шинэ харилцаа би болсон. Үүнийг зохицуулах зайлшгүй шаардлага байгаа. Хоёрдугаарт гэр бүлийн хуулиар гэр бүлийн үнэ цэнэ, бат бөх байдлыг хангахад чиглэсэн зохицуулалтыг тусгах үүднээс хуулийг боловсруулсан. Хэвлэл мэдээллийг хэрэгслээр бичигдээд байгаа шиг гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн тохиолдолд эрүү үүсгэнэ, хариуцлага тооцно гэсэн асуудал тусгагдаагүй. Тухайн хүний ёс суртахуунтай холбоотой асуудлыг хуулиар шийдэх боломжгүй.

С.Заяа

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …