ГХЯ-ны уулзвараас ЗЦГ-ын уулзвар хүртэлх 1.1 км авто замын зорчих хэсгийн хучилтын ажил дуусаад байна. Хэвтээ тэмдэг, тэмдэглэгээний ажлыг өнөөдөр хийж, маргааш орой /05 сарын 18/ авто замын хөдөлгөөнийг нээхээр боллоо. Одоогийн байдлаар явган хүний зам, гэрэлтүүлгийн ажлууд явагдаж байна. “Экспресс зам” ХХК ийнхүү Олимпийн гудамжийг төлөвлөсөн хугацаанаас 2 өдрийн өмнө нээнэ.
Өнөөдрийн байдлаар Олимпийн гудамжнаас гадна дараахь авто замуудын хөдөлгөөн хаалттай байна. Үүнд:
1.Чулуун-Овооны тойргоос Амгалангийн тролейбусны эцэс хүртэлх 1.8 км авто замыг урсгал тус бүрээр нь хэсэгчлэн хааж 6 сарын 01-нийг хүртэл хучилтын ажил хийнэ. Одоогийн байдлаар Чулуун-Овооноос зүүн тийш 500 метр авто замын урд урсгалыг хааж, суурийн ажил хийж байна. Нэг урсгалыг хаасан үед нөгөө талын урсгалыг сөрөг хөдөлгөөнтэй болгож тээврийн хэрэгслийг нэвтрүүлнэ. Гүйцэтгэгч: “Ялгуусан” ХХК.
2.Зүүн салааны хуучин эцсээс шинэ эцэс хүртэлх 2 км авто замыг хаасан байна. Хучилтын ажил гүйцэтгэн 5 сарын 25-ны өглөөний 07 цагт нээнэ. Гүйцэтгэгч “ОДНД” ХХК.
3.Хасбаатарын гудамжны зүүн хэсэг буюу хорооллын Ахуйн үйлчилгээний уулзвараас хойш хуучнаар Эх нялхсын төвийн баруун хойд уулзвар хүрэх 460 метр авто замыг 5 сарын 25-ны 06 цаг хүртэл хааж, зам барилгын ажил гүйцэтгэж байна. Гүйцэтгэгч: “Хансуун зам” ХХК.
4.Сэлбийн хос гүүрийн хойд талын гүүрийн хөдөлгөөнийг хязгаарлаад байна. 7 сарын 09 хүртэл хөдөлгөөн хааж, гүүрийн барилгын ажлыг “Мотор сервис” ХХК гүйцэтгэж байна гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.