Нийслэлийн ИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаанаар нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг хэлэлцэн баталлаа. 2016 онд нэг хуулийн этгээд, 19 барилга байгууламжийг хувьчлахаар шийдвэрлэж, нийслэлийн төсөвт 46.0 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөж байна. Хувьчлагдах хуулийн этгээд нь нийслэлийн өмчийн “Усан спорт сургалтын төв” НӨҮГ юм. Тус газрыг хувьчлахдаа үйл ажиллагааг нь 15 жилийн хугацаанд өөрчлөхгүй байх нөхцөлтэйгээр нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах юм байна. Харин хувьчлах жагсаалтад оруулсан 19 барилга байгууламжийн ихэнхи нь ашиглалтгүй, ашиглалтын шаардлага хангахгүй болсон, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлттэй, хөрөнгө оруулалт ихээр шаардагдах барилгууд юм байна. Тиймээс хувьчилж хувийн хэвшилд шилжүүлснээр тухайн барилгын ашиглалт нь сайжирч, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм. Өмч хувьчлалын гол зорилго нь хувийн хэвшлийг дэмжих, нийслэлд шинээр бий болох томоохон бүтээн байгуулалтын ажлын хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа гэдгийг албаныхан онцолж байсан.
Мөн өмч хувьчлалын ажлыг ил тод, нээлттэй, нийгэмд үр ашигтай байхаар зохион байгуулж, хэрэгжүүлэх юм байна. НИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаанаас баталсан нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг дэлгэрэнгүй танилцуулж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.