-Өвөлжилт хүндэрсэн сумдад түргэн тусламжийн машин олгов-
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга болон Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар Өмнөговь аймагт ажиллах томилолтынхоо эхэнд Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд ажиллан ард иргэдтэй уулзлаа. Мандал-Овоо сум улсдаа хамгийн олон тэмээтэй, 1622 хүн амтай, гурван багтай. Томилолтоор ажиллах үед тус сумын нутаг дэвсгэрийн ихэнх нь цасан бүрхүүлтэй байсан бөгөөд өвөлжилт хүндхэн байгаааа ч нутгийн иргэд нь хэлж байв.
Иймд нөхцөл байдлыг харгалзан үзэн Мандал-Овоо сумын ард иргэдийн эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг саадгүй хөнгөн шуурхай хүргэх зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар олгож буй Ниссан маркийн авто машиныг олгосон юм. Тус сумын эмнэлэгт нэн түрүүнд тулгамдаж буй гол асуудал бол боловсон хүчний дутагдалд ороод байгаа аж. Иймд нэг эмчид ногдох ажлын ачаалал их гэнэ.
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга болон Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатарын дараагийн очсон газар нь Өмнөговь аймгийн Номгон сум. Аймгийнхаа хамгийн өндөр, уул даваа ихтэй тус сумын нутаг дэвсгэрийн ихэнхэд нь мөн цасан бүрхүүл тогтсон, өвөлжилт хүндхэн байв. Номгон сумын эмнэлэг нь сумд дундаа үлгэр жишиг эмнэлэг болгох зорилт тавин ажиллаж байгаа. Дунджаар 3000 гаруй хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлсээр иржээ. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга болон Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч энэ үеэрээ УАЗ 469 машиныг тус эмнэлэгт мөн хүлээлгэн өглөө. Туулах чадвар сайтай уг машинаар ялангуяа алслагдсан нутгийхаа малчдад шуурхай үйлчилгээг, цаг алдалгүй хүргэж байхыг захихаа мартсангүй.
Эрүүлийг хамгаалах салбарт ажиллахдаа хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө олон жил үр бүтээлтэй ажилласныг нь үнэлэн Монгол Улсын Засгийн газрын шагнал болох “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” болон ЭМСЯ-ны “Жуух бичиг”-ээр холбогдох ажилтнуудыг шагнаж урамшуулсан юм.
Томилолтын хоёр дахь өдрөө Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын ард иргэдтэй уулзан Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг танилцуулан 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгосныг дуулгасан Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга болон Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар иргэдийн санал хүсэлтийг сонсон сонирхсон асуултад нь хариулт өгсөн юм.
Энэ үеэрээ Баян-Овоо сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцахаа ч мартаагүй юм. Тус сум нь 1710 хүн амтай, хилийн хоёр застав, гурван багтай, Ханхонгор, Цогтцэций, Манлай, Ханбогд, Номгон сумтай хиллэдэг. Сумын эмнэлэг 1924 онд гурван гэртэйгээр анх байгуулагдаж байсан түүхтэй аж. Тус сумын ард иргэд эрүүл мэнддээ сүүлийн үед ихээхэн анхаарч, дасгал хөдөлгөөнийг чухалчилдаг болжээ. Тиймээс Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр чийрэгжүүлэлтийн кабинет байгуулж, орчин үеийн тоног төхөөрөмжийг суурилуулснаар нутгийн иргэдийн байнгын үйлчлүүлдэг газар болсон байна.
Тус сумын эрүүл мэндийн төвийн шинэ барилгыг энэ 2016 онд орон нутгийн төсвөөр барих ажил эхэлжээ. Иймд ашиглалтад шинээр орох эмнэлэгт тавих тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатараас хүслээ. Уг хүсэлтийг Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар газар дээр нь шийдвэрлэн төрөх ор болон нярайн дулаан ширээг олгохоор болов.
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга болон Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар Ханбогд, Цогтцэций, Цогт-Овоо суманд ажиллах үеэрээ эрүүл мэндийн төвүүдийнх нь үйл ажиллагаатай энэ мэтчилэн танилцан яаралтай шийдвэрлэх цаг үеийн зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж байсан юм.