Улаан бурхан буюу /КОРЬ Measles, Rubeola/ гэж юу вэ

улаан бурхан 2

Улаан бурхан нь халууралт, амьсгалын зам болон нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, том толбот гүвдрүүт тууралтаар илэрдэг, агаар дуслын замаар дамждаг цочмог халдварт өвчин.

Тархвар судлал:
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр  жил бүр дэлхий даяар 20 сая хүн өвчилж байгаа  бөгөөд  эдгээрийн 95% нь ядуу буурай болон эрүүл мэндийн тогтолцоо муутай орнуудад бүртгэгдсэн байдаг. Тэр дундаа Африк, Азийн орнуудад.1980 оноос өмнө буюу вакцин хэрэглэж эхлэхээс өмнө уг өвчнөөс болж жилд 2,6 сая хүн амь насаа алддаг байсан. 2010 оны байдлаар вакцинжуулалт дэлхийн нийт хүүхдүүдийн 85%  нь вакцинд хамрагдаж  байна. Улаан бурханы вакциныг өргөн хүрээтэйгээр, дэлхий даяаар хийж эхэлснээр 2000-2008 онуудад улаан бурханы шалтгаант нас баралт 78% буурсан боловч 2008 оны байдлаар 164000 хүн улаан бурханы өвчнөөс болж нас баржээ. Эдгээрийн дийлэнх хувийг хүүхдүүд эзэлж байна.
Халдварын эх уурхай нь өвчтөн. Улаан бурханы вирус өвчтөний хамар залгиурын салст, цус шээснээс өвчний улайралтын үе, тууралтын эхний хоногуудад илэрдэг. Вирус амьсгалын дээд замд байрлаж ханиах найтаах, ярих үед гадаад орчинд дусал байдлаар цацагдан агаарын урсгалаар тархаж,, шүргээд өнгөрөх төдийд халдвар авах боломжтой. Урьд нь өвчилсөн болон дархлаажуулагдсан эхээс төрсөн хүүхэд эхээсээ дархлаа авдаг учраас эхний 3 сард энэ өвчнөөр өвчлөхгүй. Үүнээс хойш дархлаажуулалт хийгдээгүй тохиолдолд улаан бурханаар өвчлөх боломжтой. Уг өвчнөөр өвчилсөн тохиолдолд 100% насан туршийн дархлаа тогтоно, харин вакцины үр дүнд 90%д нь дархлаа тогтож, 20 ба түүнээс дээш жил хадгалагдана.
Шалтгаан:
Morbillvirus–ийн удмын paramyxoviridae бүлд хамрагдах бөөрөнхий дугуй,  дан эрчилсэн РНХ бүхий вирус.  Уг вирус нь ганцхан ийлдэс хүрээтэй тул энгийн нэг валенттай вакцинаар урьдчилан сэргийлэх боломжтой. Улаан бурханы үүсгэгч нь хими физикийн бодисуудад тэсвэр муутай, тасалгааны ердийн дулаанд 34 цаг хүртэл идэвхээ хадгалдаг, 50 градусын температурт 15 минут, 60 градуст агшин зуурт, нарны гэрлийн шууд туяа, хэт ягаан туяанд амархан үхдэг. Бага хэмд хэдэн долоо хоног хүртэл идэвхээ хадгалдаг.
Эмнэлзүй:
Нууц хугацаа дунджаар 9-11 хоног (7-28 хоног). Өвчний эхний шинж тэмдэг цочмог халууралт бөгөөд 1-4 өдөр үргэлжилнэ. Үүнтэй зэрэгцэн бие сулрах, цочромхой болох, ууртай болох, уйлагнах, толгой өвдөх, хоолны дур буурах, нойр хямрах зэрэг шинжүүд илэрнэ. Эхний  буюу улайралтын үед Стимсоны гурвал шинж болох ринит, ларингит, коньюктивит илэрнэ. Ринитийн үед найтаах, хамар битүүрэх, хамраас эхэндээ ус шиг, яваандаа идээрхэг ногоон өнгөтэй нус гарна. Ларингит буюу төвөнхийн үрэвслийн үед хуурай, шаналгаатай, олон удаа хуцуулж ханиалгана, хоолой сөөнө. Коньюктивит нь нүдний салст бүрхэвч хавагнах, улайх, гэрэлд гялбах, нулимс гоожих, нуух цувах зэрэг шинж илэрнэ.  Хүүхдийн нүүр хөөнгөдүү, хамар уруулын салст, зовхи хавагнасан байдаг.
Өвчний нэг дэх хоногийн сүүл, 2 дахь хоногт БФК –ийн толбо буюу өвчний өвөрмөц тууралт гарна. Улайсан салстын суурин дээр дээш өргөгдсөн шар будааны хэмжээтэй цайвар шаргал өнгөтэй, толбот тууралт. Эхэндээ бага арааны харалдаа завьжны салстад, заримдаа хошногоны амсар, бэлэг эрхтний салст зэрэгт гардаг.  Энэ тууралтын онцлог нь хоорондоо нийлдэггүй, хусаж арилгаж болдоггүй, өөр ямарч өвчний үед илэрдэггүй.  Үүний дараа хатуу зөөлөн тагнай, гүйлсэн булчирхай, залгиурын ар хананд гарна (Герман Патений тууралт).  Эхлэл үе дунджаар 3-4 хоног үргэжилж, төгсгөлд нь халуун хэвийн болдог. 5 дахь өдрөөс халуун улам өндөрсөж улайралтын үе даамжирч арьсаар тууралт гарч, тууралтын үе эхэлдэг. Энэ тууралт нь том толбо-гүвдрүүт, тод улаан өнгөтэй, хоорондоо нийлсэн, барсгар, харин арьсны суурь хэвийн  өнгөтэй байдгаас хүүхдийн арьс улаан цоохор харагддаг. Бага зэрэг загатнана. Тууралтын онцлог нь дэс дараалсан, үечилсэн, дээрээс доош чиглэсэн  байдаг. Чихний араас эхлэн, эхний өдөр хүзүү цээжний дээд хэсгээр, 2 дахь өдрөөс их биеээр, 3 дахь өдрөөс мөчдөөр гардаг. Тууралт арилахдаа гарсан дарааллаараа ялимгүй хогжруут гуужилт бүхий хүрэн бор өнгийн нөсөө үүсэх ба 1-3 долоо хоногийн дараа арилна.
Бусад эрхтэн тогтолцооны зүгээс илрэх шинжүүд:
–    Эрүүн доорхи, хүзүүний тунгалагийн булчирхайнууд томорч, эмзэглэлтэй болно.
–    Ховор тохиолдолд элэг дэлүү томроно.
–    Судасны цохилт олширно, зүрхний авиа бүдгэрнэ, артерийн даралт ялимгүй ихэснэ. Цаашилбал зүрхний үйл ажиллагаанд өөрчлөлт орно.
–    Үрэвсэл гуурсан хооолой, мөгөөрсөн хоолойг хамарсан бол амьсгалын эрхтэн тогтолцооны зүгээс өрчлөлт илэрнэ.
–    Хоол боловсруулах тогтолцооны зүгээс хоолонд дургүй болох, дотор муухайрах, бөөлжих, суулгах, хэл өнгөртөх, шүлс их ялгарах,  хэвлий зөөлөн, дүүрэнг, эмзэглэлтэй болно.
Өвчний ангилал:
–    Хөнгөрүүлсэн улаан бурхан:  урьдчилан сэргийлэх тарилга буюу дархлаажуулалтад хамрагдсан болон өвчин нууц үедээ байхад нь гаммаглобулин тариулсан хүмүүст илэрдэг. Өвчин хөнгөн явагдана.  Нууц үе урт (21-28 хоног), эхлэл үе богино (1-2 хоног), БФК толбо илэрдэггүй, халуун бага зэрэг их буюу хэвийн, тууралтын үе богино, тууралт нэг өдрийн дотор шат дараалалгүй , цөөн тооны, бүдэг, хоорондоо нийлдэггүй; нөсөөжилт бүдэг бөгөөд 1 долоо хоногт арилдаг, гуужилт үүсдэггүйгээрээ онцлогтой байдаг.
–    Маш хүнд хэлбэр: Дархлаа тогтолцоо хямарсан, дарангуйлагдсан, ХДХВ-ын халдвартай, хавдартай хүмүүст тохиолдоно. Нас баралтын түвшин өндөр (70% хүртэл). 30%-д тууралт илрэхгүй, 60%-д тууралтын хэлбэр, онцлог улаан бурханыхаас өөр. Хүндрэл маш их тохиолдоно.
–    Насанд хүрэгчдийн улаан бурхан:  хүнд явцтай, улайралтын шинжүүд хүүхдийнхээс бага, хордогын шинж ихтэй. БФК толбо их, тууралт шигүү, том, цусархаг тууралт зэрэгцэн гарна. Гуужилт илүүтэй.  Энцефалит, менингет, менингоэнцефалит үүсэх нь элбэг. Эхсээр халдвар дамжиж ургийн гажиг үүсгэж болзошгүй байдаг.
Хүндрэл:  5-аас бага насны хүүхдүүд болон 20 –оос дээш насныханд элбэг тохиолдоно.
–    Уушгины хатгаа – эрт үед илэрбэл хордлого ихтэй, төв мэдрэл, зүрх судасны тогтолцооны хямралтай хавсардаг.
–    Дунд чихний үрэвсэл
–    Төвөнхийн үрэвсэл – өвчний шинж боловч тууралтын үеээс  багасан арилах ёстой байдаг, харин улам даамжирч удаан хугацаагаар үргэлжилбэл хүнрэл үүсгэнэ.
–    Хоолойн хуурамч бачуурал – төвөнхийн үрэвсэл гүнзгийрэх үед илэрнэ. /хэдхэн минутад бүтэлт үүсч нас барах аюултай/
–    Ам гэмтэх – аль ч үед тохиолдож болно.
–    Менингоэнцефалит
–    Бүдүүн гэдэсний үрэвсэл – нөсөөжих үед үүснэ, цусан суулгалт төст шинжээр илэрнэ.

Эмчилгээ:
Хүндрээгүй үед гэрээр эмчилнэ
–    Хүүхдийг тусгаарлан хэвтрийн дэглэм бариулна
–    Чанартай хөнгөн хоол, шингэн их уулгана
–    Витамин эмчилгээ хийнэ. / +А витамины тунг 24 цагийн зайтай 2 удаа өгөх нь хараа алдагдах хүндрэлээс сэргийлнэ/
–    Хамгийн гол нь асаргаа сувилгаа:
o    Амны хөндийг буцалсан ус, 2%-ийн содын уусмалаар  зайлуулна
o    Нүдийг 20%-ийн сульфацил натрийн уусмалаар өдөрт 3-4 удаа  2-3 дуслаар дусаах,  буцалсан усаар угаах
o    Ор дэрний хэрэглэл цэвэр байлгах зэргээр ариун цэвэр сайн сахих
o    Өрөөг дулаан чийглэг, агааржуулалт сайтай байлгах.  Чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх
Хүндэрсэн үед эмнэлэгт хэвтүүлж эмчийн хяаналтад эмчлүүлнэ.
Урьдчилан сэргийлэлт:
–    Өвчтөнг тусгаарлаж, 17-21 хоног хөл хорио тогтооно.
–    Хавьтал болсон,  халдварын уурхайд байсан 3-12 сартай хүүхдэд хавьтлаас 5 хоногийн дотор булчинд 3 мл энгийн гаммаглобулин тариулна.  Харин 12 сараас дээш хүүхдэд идэвхтэй дархлаа буюу вакцин хийнэ.  Гэхдээ вакцин хийлгэх эсрэг заалттай тохиолдолд 1,5 мл иммуноглобулин тариулна.
–    Товлолын дагуу  8-11 сартайд, 6 сарын дараа тус бүр 2 удаа дархлаажуулалтад зайлшгүй хамруулна.

Б.Саран

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …