УИХ-ын гишүүн Г.Уянгад улсын ажил нэг л таарахгүй байгааг өнгөрсөн үйл явдлууд харууллаа. Таарч тохирохгүй ажлаа хийж байгаа юм шиг дүр үзүүлж бусдад гай болохоор таарч тохирдог ажлаа хийж бусдад гавьяа байгуулж явбал хамаагүй дээр. Өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд Г.Уянга гишүүний хийсэн ажлуудаас хамгийн үнэлүүштэй нь захидал бичих чадвар байв.
Үнэхээр уянгын халилтай, уран яруу бичдэг юм билээ, бага сага алдааг эс дурдвал. Ийм чадвартай гишүүний далд авьяасыг нь ил гарган хөгжүүлж ил захидал бичүүлдэг болбол ямар вэ. Бүр “Ил захидлын байнгын хороо” гэгчийг байгуулж тэргүүнээр нь Г.Уянгыг томилж, түүнтэй ижил С.Ганбаатар тэргүүтэй популистуудыг дэд дарга, гишүүнээр нь томилж, попоо хийх боломжийг нь ойлговол энэ улс оронд илүү тустай, шударга ёс хэрэгжсэн, эрс шинэчлэл хийгдэх гээд байна.
Ажлаа хийж чаддаггүй, авгай хүүхэн эргүүлдэг төрийн түшээдийг эхнэрт нь ховолж ил захидал бичвэл мань улстөрч “ну-а”-гийн асуудлаа сая нэг юм ангижирна. Үгэнд ордоггүй нөхрийг эхнэрт нь, эхнэрийг нөхөрт нь, үр хүүхдэд нь, аав ээжид нь, хамаатан саданд нь, ард түмэнд ховлож ил захидал бичдэг больё. “Энэ нөхрөө ав, энэ хүнээ ав, энэ хүүгээ ав”, “Нөхөр чинь, хүү чинь, хүн чинь хулгайч юм байна” гэж ил тодоор бичдэг больё. Ингэж ил тод бичдэг байнгын хорооны дарга Г.Уянга гишүүнийг томилж, улсын ажил хийхэд нь туслая.
Бүр “Уянга гишүүнээр захидал бичүүлцгээе” нэртэй эмэгтэйчүүдийн клуб байгуулагдаж, фэйсбүүк групп үүсгэх талаар яриа явж эхэллээ. Энэ клуб, группт нөхөр нь, найз залуу нь, нууц амраг нь төрд ажилладаг эмэгтэйчүүд нэгдэх туйлын хүсэлтэй байгаа аж. Тэр ч байтугай нууц амрагаа хүртэл хуурч давхар нууц амрагтай болж буй төрийн түшээдийн эхнийх нь нууц амрагт “Энэ нөхөр чинь чамайг хуурч байна” гэж Г.Уянга гишүүнээр дамжуулан ховлох хүмүүс маш олон байна. Гэхдээ Г.Уянга гишүүнд хуучин Монгол бичгээр бус, орчин цагийн Монгол хэлээр бичээрэй хэмээн захих эмэгтэйчүүд олон байна, ойлгож унших хүн байхгүй гэдгийг ч дамжуулав. Харин учир мэдэгсэд нь, Г.Уянгыг дахиж Монгол бичгээр бичих бол мэргэжлийн багшид хандаж, зөвлөгөө авахыг сануулж байна лээ.
Хуучин цагт эцэг, эхийн харилцах дэвтэр гэж байсан. Энэ дэвтрээр дамжуулан багш, сурган хүмүүжүүлэгч нар нь болохгүй, бүтэхгүй байгаа хүүхдүүдийг эцэг, эхэд нь ховлодог байлаа. Үүнтэй адилаар 76 “хүүхэд”-тэй УИХ хэмээх ангид харилцах дэвтэр нээж, хулгай хийж, хууль зөрчдөг гишүүдийг “Энэ хүнээ ав” гэж эцэг, эхэд нь, ард түмэнд ховлое. Үгэнд ордоггүй, засардаггүйн дээр хулгай хийж, худал ярьдаг зөрүүд бух шиг 40, 50 хүрсэн, одоо засрахаасаа өнгөрсөн хэмээх эдгээр төрийн түшээдийг эцэг эхэд нь, ард түмэнд нь ховлон байж, загнуулан байж засч авахгүй бол энэ улс чинь хөгжихгүй юм байна. Энэ ажлыг Г.Уянга гишүүн л хамгийн сайн хийж чадна хэмээн уриалагсад олон байна.
Улсын ажлыг ингэж хийвэл төр, түмнийхээ төлөө хийсэн хамгийн том гавьяа болох бус уу. 8 настай балчираас 80 настай буурал хүртэл Г.Уянга гишүүн л захидал бичиж чадна. 8 настай хүүд аавыг нь ховлож, 80 настай эцэгт нь хүүг нь ховлох хосгүй чадвар Г.Уянга гишүүнд бүрэлдсэн бус уу…
Төгс
Эх сурвалж: Undesten.mn