1. БОЛОМЖ ГАРВАЛ УНТАЖ АМРАХ.
Нярай хүүхэд ихэнх цагийг унтаж өнгөрүүлдэг ч 1 унтахдаа маш богинохон унтдаг. Энэ нь жижигхэн ходоодтойн улмаас 2-3 цаг тутамд өлсдөгтэй холбоотой. Хүүхэдтэй болохоосоо өмнө бүтэн нойртой хонодог байсан ээж дутуу нойртой хонож эхэлсэнээр ядрах, толгой өвдөх, хөхөнд сүү орохгүй байх зэрэг сөрөг үр нөлөө үзүүлдэг. Тиймээс боломж гарвал унтаж амарч байгаарай.
2. ЗӨВ ХООЛЛОЖ, УС САЙН УУХ.
Хөхөнд хамгийн сайн сүү оруулдаг зүйл бол ус юм. Тиймээс хөхүүл бол өдөрт 3 литр ус, шингэн зүйл ууж хэвшээрэй. Жигнэмэг, шар будаа, гурил зэргийг “сүү сайн оруулдаг” гэж ярьдаг нь буруу бөгөөд харин ч ходоод өвдөх, жин нэмэх сөрөг талтай. Тиймээс зөв хооллож дадаарай.
3. ЗӨВ МЭДЭЭЛЛИЙГ ЭРЭЛХИЙЛЖ, ТОГТМОЛ УНШИЖ БАЙ.
Ам дамжсан эмчилгээнээс зайлсхий. Орчин үед мэдээлэл элбэг болсон үед сайн уншиж, судалж, зөв мэдээллээр хүүхдээ өсгөвөл эрүүл чийрэг хүн болж хүмүүжихийн эхлэл тавигдана. Хөндлөнгийн хүмүүс мэдэмхийрч, дураараа маш олон зөвлөгөө өгдөг. Тэр бүрт эелдэгээр татгалзаж сурвал амар. Мөн хүүхдээ үзүүлдэг тогтсон нэг эмчтэй болчихвол олон эмч дамжиж явахаас илүү үр дүнтэй байдаг.
4. ӨӨРИЙНХӨӨ ХҮҮХДИЙГ БУСДЫН ХҮҮХЭДТЭЙ БИТГИЙ ХАРЬЦУУЛ
Шинэхэн ээжүүд хүүхдээ үеийнх нь хүүхэдтэй харьцуулах нь элбэг байдаг. Хэдийгээр “харьцуулах” нь хүүхдийн өсөлт хөгжлийн талаар баримжаа өгдөг ч хүүхэд бүрийн өсөлт хөгжил, биеийн онцлог харилцан адилгүй байдаг болохоор харьцуулах шаардлага байхгүй. Өвөө эмээ нь бас бусад хүүхэдтэй харьцуулж (ялангуяа жин, бие бялдар) дураараа өсгөх гээд байдаг тул эвтэйхнээр “хүүхэд бүр өөр” гэдгийг ойлгуулаарай.
5. ААВУУДЫГ ОРОЛЦУУЛ
Ганцаараа бүгдийг хийх гэж битгий зүтгэ, нөхрөөсөө тусламж хүс. Хэрэв нөхрийн чинь хийсэн зүйл сэтгэлд чинь хүрэхгүй байвал битгий голоорой. Чамлахгүйгээр хийлгээд байх тусам улам сайжирна. Аавын оролцоо нь ээжид ч, хүүхдэд ч маш чухал байдаг.
6. ТОГТМОЛ СЕКС ХИЙ
Орчин үеийн эмч нар төрсний дараах сэтгэл гутрал, хямралаас гарах хамгийн шилдэг арга бол “секс хийх” гэж зөвлөдөг болсон. Секс хийх нь эмэгтэй хүний биеийн дааврыг
тэнцвэржүүлдэгээс гадна нөхөртэйгөө харилцах харилцаанд сайн нөлөөтэй. Тиймээс тогтмол секс хийж байгаарай.
7. ӨӨРИЙГӨӨ ЭРХЛҮҮЛ
Нярай хүүхэд өдөр шөнөгүй анхаарал халамж шаарддаг болохоор өөртөө зарцуулах цаг байхгүй болдог. Гэсэн хэдий ч өөртөө цаг гаргаж, биеэ тордож гаргуунд нь хаяхгүй байх хэрэгтэй. Ээж гэдгээс гадна хувь хүн гэдгээ байнга санаж өөрийнхөө сонирхол, хоббигоо битгий хаяарай.
Хүндэтгэсэн, Мodern Mongolian Family