ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсаас ОХУ-д төлөх өрийг хүчингүй болгох тухай хуульд гарын үсэг зурсан байна. Энэ талаархи албан ёсны баримт бичиг тус улсын Хууль эрх зүйн мэдээллийн цахим хуудаст хэвлэгджээ. 2010 оны 12 дугаар сард тус хуулийн төсөлд хоёр тал Москва хотод гарын үсэг зурсан. Гэвч хууль, эрх зүйн хяналтын шатуудыг дамжсаар өнөөдөртэй золгосон талаар тус баримт бичигт тэмдэглэсэн байна.
Өнгөрсөн сарын 27-ны өдөр Холбооны зөвлөл Монголын талын өрийг цуцлах шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл гэрээний дагуу 174.2 сая доллар буюу нийт өрийн 97 хувийг тэглэхээр болсон билээ. Монгол Улсын зээлийн хугацаа хэтэрсэн байсан гэж ОХУ-ын хэвлэлүүдэд мэдээлжээ. Тус баримт бичигт “Монголын их өр нь хоёр улсын хоорондын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг гүнзгийрүүлэхэд гол саад тотгор болж байсан. Одоо Улаанбаатар хот ОХУ-д 3.8 сая долларын өр төлөх ёстой” хэмээн бичжээ.
2010 оны долдугаар сард байгуулсан Москва-Улаанбаатарын гэрээ нь ОХУ-ын бизнес эрхлэгчдийн замыг засч, Монгол Улс нийт өрийн 3.8 сая долларын үлдэгдлийг нэг удаагийн төлөлтөөр барагдуулах баталгаа гаргасан байна. Учир нь ОХУ-ын компаниуд Монголын барилга, уул уурхайн зах зээл дэх оролцоогоо нэмэгдүүлэх зорилготой байгаатай холбоотой. 2003 онд ОХУ-аас авсан Монгол Улсын нийт зээлийн хэмжээ 11.4 тэрбум шилжих рубль байснаас 300 сая ам.долларыг төлж, 2010 онд ОХУ Монголын 180 сая ам.долларын өрийг тэглэжээ.
Сүүлийн 20 жилийн хугацаанд Москва гадаадын зээлдэгчдийн 140 гаруй тэрбум ам.долларын өрийг цайруулжээ. Тухайлбал, Кубын 30 тэрбум ам.долларын зээл, Хойд Солонгосын 11 тэрбум ам.долларын зээлийг тус тус хүчингүй болгосон байна.
эх сурвалж: medee.mn