Сирийн Засгийн газрын цэрэг улсынхаа хамгийн том хот болох Алеппог босогчдын хяналтаас чөлөөлөх цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Энэ ажиллагааны улмаас тус бүс нутгаас Туркийн хил рүү дүрвэж байгаа иргэдийн тоо 35 мянгад хүрсэн тухай Турк улсын холбогдох албаныхан мэдэгдлээ. Эдгээр дүрвэгчдэд зориулан Турк улсаас тусламжийн бараа бүтээгдэхүүн ачсан цуваа түргэн тусламжийн автомашинуудын хамтаар Сирийн хил рүү өчигдөр нэвтэрсэн байна. Босогчдын хяналтад байгаа Алеппо хот, түүний ойролцоох бүс нутагт 350 мянга гаруй хүн оршин суудаг аж.
Сири дэх хүний эрхийн байгууллагын мэдээлснээр Сирийн Засгийн газрын цэрэг ОХУ-ын агаарын цэргийн хүчний дэмжлэгтэйгээр тус бүс нутаг дахь босогчдыг тун удахгүй буулган авах төлөвтэй байна. Тус байгууллага Оросын агаарын цэргийн хүчин Алеппогийн хойд хэсэг дэх Башкой, Харитан, Анадан зэрэг тосгодод мөн агаараас цохилт өгч байгаа талаар мэдээллээ. Эдгээр давшилтаас үүдэлтэйгээр орон гэрээ орхиж, Туркийн хил дээр очсон Сирийн дүрвэгчдийг Турк улс өөрийн хилээр нэвтрүүлэхгүй гэх байр суурьтай байна. Үүний оронд Туркийн тал майхан, хоол хүнс болон эм тариа ачсан тусламжийн цувааг Сирийн хил рүү илгээж, дүрвэгчдийн хуаран нэмж байгуулах зэрэг арга алхам хэрэгжүүлж байна.
Гэхдээ нөхцөл байдал хүндрэх тохиолдолд дүрвэгчдийг хилээрээ нэвтрүүлэхэд бэлэн гэдгээ Туркийн Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган мэдэгдсэн тухай орон нутгийн хэвлэлүүд уламжилж байна. Алеппо хот дахь босогчдыг буулган авбал Сирийн Ерөнхийлөгч Башар Ассадын хувьд стратегийн томоохон ач холбогдолтой ялалт болно. Одоогоор Алеппо хотын баруун хойд хэсэг Сирийн сөрөг хүчнийхэн болон курдын зэвсэгт босогчдын, харин зүүн хойд хэсэг нь Исламын улс алан хядагч бүлэглэлийн мэдэлд байгаа юм. Алеппо хот Туркийн хилтэй ойр оршдог. Иймээс тус бүс нутгийг чөлөөлөх ширүүн тулаан ийнхүү өрнөх хооронд үндэсний аюулгүй байдалд нь заналхийлсэн ямарваа аюул заналын эсрэг хариу дайралт хийх бүрэн эрхтэй болохоо Туркийн эрх баригчид мэдэгдэж байна.