Нийслэлийн засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А\624 дүгээр захирамжийг үндэслэн Газрын харилцаа, Геодези зурагзүйн газрын даргын 2006 оны 155 дугаар тушаалаар зуслангийн газрыг өмчлүүлэхээр боллоо. Энэ талаар НЗДТГ-аас мэдээлэл хийлээ.
Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр Зуун мод, Хандгайтын богино, Гоодойн ам, Хуурай мухар, Гүнт, Ар хустай, Шарга морьт зэрэг байршлуудын газрыг түрүүлж өмчилж эхэлнэ.
Хамгийн түрүүнд Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүддэд зуслангийн газрын урьдчилсан тооллого хийгдсэн байна. Тооллогоор нийт 47943 нэгж талбай байгаагаас 24793 нэгж талбайг өмчлүүлэх боломжтой гэсэн судалгаа гарчээ. Өмчлөлд орох газрыг наймдугаар сарын 1-нээс судалж, бүртгэл тооллого явуулна. Ийнхүү шаардлагатай бэлтгэл ажил хангагдсаны дараа иргэдийн газар өмчлөх хүсэлтийг хүлээн авах юм байна.
Анхааруулахад ойн болон усын сан бүхий газар, тусгай хэрэгцээний газар, зам шугам сүлжээний газраас бусад газрыг зуслангийн зориулалтаар өмчлүүлэх гэнэ. Өмчлүүлэх ажил эхлүүлэх байршлуудад “Зуслангийн газрыг өмчлүүлэх түр товчоо” байгуулагдан ажиллана. Тус түр хороонд газраас өмчлөх хүсэлтээ иргэд хандаж өргөдөл, холбогдох бичиг баримтын хамт хүргүүлэх ажээ.
Газар өмчлөх хүсэлт гаргахад бүрдүүлэх материал:
- Газар өмчлөх тухай батлагдсан, хүсэлт гаргах маягтыг бөглөх
- Иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Газар эзэмших өмчийн гэрчилгээ \эх хувиар\
- Газрын кадастрын зураг
- Газрын төлбөрийг зохих журмын дагуу тушаасан байх.
О.Наранцацралт
Ugluu.mn