ЗАХ ЗЭЭЛИЙН ТОВЧ МЭДЭЭ:
-Өнгөрсөн нэгдүгээр сард БНХАУ-ын боловсруулсан металлын импорт хоёр дахин өссөн үзүүлэлттэй гарлаа. Ялангуяа цайрын импорт 2.5 дахин нэмэгдэж, 59.2 мянган тоннд хүрсэн байна. БНХАУ-ын хайлуулах үйлдвэрүүд энэ онд гарцаа хагас сая тонноор танах амлалт өгсөн төдийгүй алдагдалтай ажиллаж байгаа уурхайнууд үүдээ барина гэх хүлээлт импорт нь өсөхөд нөлөөлсөн байна.
-Монгол Улсын анхны 100 хувь даатгагдсан “Эрчим бонд”-ын хугацаа өнгөрсөн баасан гарагт дуусч, ҮЦТТТХТ-ийн дансанд үндсэн ба хүүгийн төлбөр байршсан байна. Хүүгийн хэмжээ нь жилийн 18.5 хувь буюу сарын 1.54 хувь байжээ. Тус компани тендерийн ажлын гүйцэтгэл, төслийн үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор “Соёмбо даатгал”-аар даатгагдсан, 500 сая төгрөгийн компанийн бонд гаргасан юм.
-Энэ оны эхний нэг сарын байдлаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 11.4 их наяд төгрөгтэй тэнцэж, сүүлийн нэг жилийн хугацаанд зээлийн үлдэгдэл 2.5 хувиар буурчээ. Үүнээс гадаад валютын зээлийн үлдэгдэл 2.6 их наяд төгрөгтэй тэнцэж нийт зээлийн 23 орчим хувийг бүрдүүлж байна. Хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл энэ хугацаанд 922.2 тэрбум төгрөгт хүрч, 12 дугаар сараас 8 хувиар, жилийн өмнөх үзүүлэлтээс 2.9 дахин өссөн болохыг УБСЕГ-аас мэдээллээ.
-Хөрөнгө оруулалтын томоохон банкуудын түүхий эдээс олох орлогын хэмжээ өнгөрсөн онд сүүлийн 10 жилийн доод түвшин рүү буурлаа. Тодруулбал “Goldman Sachs”, “Morgan Stanley” тэргүүтэй тэргүүлэгч 12 банкны ашиг 18 хувиар буурч, 4.6 тэрбум ам.долларт хүрчээ.
-Энэ жил нийслэлийн төсвөөс 60 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийх бөгөөд нийслэлд авто замаас илүү гүүрэн байгууламж хийхээр төлөвлөжээ. Эдгээр бүтээн байгуулалтад БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл болон нийслэлийн төсвөөс гадна улсын төсвөөс ч хөрөнгө оруулах аж.