Хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний нэгдсэн холбооноос “Дүнжингарав” төвийн бүсийн хаврын уралдааныг эсэргүүцэж, өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Хаврын морин уралдааны үеэр уралдаанч хүүхэд олноор унаж гэмтдэг болохоор тэд ийнхүү мэдэгдэл хийгээд байна. Тэдний гаргасан судалгаагаар 2013 онд 950 хүүхэд хөнгөн, дөрвөн хүүхэд хүнд гэмтэн, зургаан хүүхэд амиа алдсан гэх харамсалтай мэдээ байна. 2014, 2015 онд ч мөн ялгаагүй энэ байдал үргэлжилсэн гэв.
Энэ талаар Хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний нэгдсэн холбооны тэргүүн Д.Авирмэдээс лавлахад “Энэхүү морин уралдаан нь түүхэн уламжлалаасаа илүүтэй зугаа цэнгэлийн шинжтэй болсон. Үүний гол хохирогч нь хүүхэд байна. Өвлийн хүйтэн жавар арилаагүй байгаа энэ цаг үед хамгаалалтын хэрэгсэл, даатгалын асуудлыг нь бүрэн шийдээгүй байж хоёр цаг гаруй хугацаанд морин дэл дээр давхиулна гэдэг нь хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчиж буйн хэрэг.
Баяр наадмын хуульд долоодугаар сард болдог Улсын баяр наадмын уралдааныг зохицуулсан ч бусад уралдаанд зохицуулалт хийгээгүй. Тиймээс энэ тал дээр яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Морио үнэхээр уралдуулах шаардлагатай бол насанд хүрэгчид өөрсдөө уна л даа.
Дэлхий дээр манай улс шиг бага насны хүүхдээрээ морио унуулж уралдуулдаг газар байхгүй. Тиймээс бид үүнийг эсэргүүцэж Засгийн газарт шаардлага хүргүүлж байна” гэв.