“Гэрэлт зул” өргөх ёслол болно

4458 Монгол улсад хамгийн анх өдгөөгөөс найман жилийн өмнө “Гэрэлт зул” зул өргөх ёслолыг 2007 онд “Сэтгэлийн Амирлал” сан Тайланд улсын “Даммакаяа” сантай хамтарч амжилттай зохион байгуулсан билээ. Энэ сарын 25-нд буюу Бурхан багшийн мэндэлсэн өдрийн 19 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд болох “Гэрэлт зул” өргөх ёслолын өмнө зохион байгуулагчдын зүгээс мэдээллийг хүргэж байна.

Монголын ард түмний дийлэнхи хэсэг нь уламжлал болгон жил бүрийн зуны эхэн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр зохиогддог “Гэрэлт зул” зул өргөх ёслолын талаар тодорхой хэмжээний мэдэгдэхүүнтэй болсон байгаа нь бидний зохион байгуулсан арга хэмжээ хэдийнэ олон нийтэд танигдсанг гэрчилж байгаа юм. Энэхүү үйл ажиллагаа нь Олон улсын чанартай бөгөөд Тайланд, Энэтхэг, Индонез гэх мэт олон улс энэ тэмдэглэлт өдрийг тэмдэглэж өнгөрүүлдэг.

Зул өргөх зан үйл дэлхий дээрх Буддын шашинт улс орнуудад өөр өөрийн гэсэн зан заншил, уламжлалаасаа шалтгаалж өөр өөрийн онцлог шинжийг агуулсан байдалтайгаар болж өнгөрдөг. Харин манай оронд гэрэлт зул өргөх ёслолыг уламжлал болгон зохион байгуулсаар энэ жил зургаадах жилтэйгээ золгож байна. Нийгмийн сайн сайхны төлөө зохиогддог уг арга хэмжээ өмнөх жилүүдэд бурхан багшийн их дүйцэн өдөртэй давхцан ёслол төгөлдөр болж тэмдэглэгдсээр ирсэн. Энд гэрэлт зул өргөснөөр хүн бүрт аз жаргал, амжилт ирдэг гэдэгт итгэдэг сүсэгтэн олон ирсэн байсан юм. Сайхан амьдралын гол шалтгаан нь хүн дотоод ертөнцөө эерэг, зөв байлгахад оршдог гэдэг. Тэгвэл энэ үдэш цугласан олны эерэг бодол зул өргөн залбирсны хүчээр хүн бүрийн хүсэл биелэх шиг санагдсан.

Зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн ёслол “Хүсэл биелэх өдөр” нэртэйгээр болно. Энэ өдөр сүсэгтэн олон нэгэн дор цугларч санаа бодлоо нэгтэн хамтдаа залбиран гэрэлт зул өргөдөг. Сэтгэлдээ бодсон хүслээ шивнэн тэнгэрт гэрэлт зул болгон хөөргөдөг энэхүү зан үйл дэлхийн олон оронд бий.

Сайхан амьдралын шалтгаан нь дотоод ертөнцөө эерэг байлгахад оршдог. Харин зул нь хүний дотоод ертөнцийг ариусгадаг.

Будда буюу бидний нэрлэж заншсанаар Бурхан багш нь амьдралын үнэн, ертөнцийн зүй тогтлыг хамгийн түрүүнд танин мэдэж ухаарсан хүн бөгөөд түүний гэрээслэл айлдварууд нь өнөөг хүртэл хүн төрөлхтний хөгжилд хэмжээлшгүй их хувь нэмэр оруулсаар байгаа билээ.

Бурхан багшийн амьдрал тэр чигээрээ гайхамшиг байсан ба түүний мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн өдрүүд нь бүгд зуны эхэн сарын шинийн 15-нд тохиосон байна. Энэхүү гайхамшигт өдрийг Бурхан багшийн их тохиолт өдөр буюу эртний бурхадын хэлээр Visakha puja хэмээн нэрлэдэг билээ.

Нэгдсэн Үндэсний Байгууллага Бурхан багшийн ариун үйлсийг хүндэтгэн Visakha puja өдрийг Дэлхий даяар хамт нэгэн өдөр тэмдэглэж байхаар тунхагласан байна. Visakha puja өдрөөр Бурхан багшийн ариун үйлсэд талархан хүндэтгэл үзүүлж зул өргөдөг нь Монголын ард түмэн бидний уламжлал ёс билээ. Visakha puja нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр томъёо юм. Харин энэ уламжлалт ёсыг дэлгэрүүлэн жил бүрийн Visakha puja өдрөөр нэгэн дор цугларч санаа бодлоо нэгтгэн хамтдаа залбирах “Гэрэлт зул” зул өргөх ёслолыг тэмдэглэж өнгөрөөдөг юм.

Энэхүү ёслол нь бидний зүгээс та бүхэнд барьж буй сэтгэлийн бэлэг бөгөөд, цаашдаа бид элэг нэгт ахан дүүс та бүхнийхээ сэтгэл санааг амар амгалан байлгаж Монголын ирээдүйг гэрэл гэгээтэй болгох их үйлсэд өөрсдийн хувь нэмэрийг оруулах болно. Энэ ч үүднээс их дүйчэн өдөр сэтгэлийн амар амгалангаар угтаж, хүслээ шивнэхийг уриалж байна.

Та бүхний сэтгэл амар амгалан байх болтугай.

Зулын аюулгүй байдлын тухай

Урьд жилүүдэд өргөж байсан хүмүүс анзаарсан байх.

Зул маань өөрөө дан байгалийн гаралтай зүйлсээр хийгдсэн байгаа. Үүнд:
– Энгийн цааснаас хэд дахин нимгэн цаас.
– Цаасаа тогтоож барьж байдаг хулс
– Зул
– Зул тогтоох нимгэн уян төмөр

Эд нараас зулаа тогтоож байдаг нимгэн уян төмөр нь л байгальдаа хамгийн удаан шингэнэ. Гэсэн хэдий ч бидний хөөргөж буй нийт зул 50 төгрөгний ганц гялгар торны учруулдаг шиг тийм хэмжээний хор хохиролыг байгальд учруулахгүй билээ.

Тайланд улсад зул өргөх ёслол байнга болдог бөгөөд нэг дор бид нараас хэд дахин ихийг хөөргөдөг. Тиймээс ч баталгаатайгаар нь тус улсаас бид нар хөөргөх зулаа оруулж ирдэг. Харин Хятадад үйлдвэрлэгдээд Монголд орж ирсэн хөөрдөг зулнууд ямар байдгийг мэдэхгүй байна.

Гал гарах тухайд бол Онцгой байдлын ерөнхий газрын судалгаа шинжилгээний лаборатори-с бидний хөөргөх гэж буй зул галын аюулгүйг тогтоосон байгаа.

2013 ОНЫ “ГЭРЭЛТ ЗУЛ” ЗУЛ ӨРГӨХ ЁСЛОЛ

2013 онд 6 дах жилдээ зохион байгуулагдаж байгаа “Гэрэлт зул” зул өргөх ёслолын ерөнхий зохион байгуулагчаар Сэтгэлийн амарлил сан, хамтран зохион байгуулагчаар “Даммакаяа бясалгалын төв” болон “Цэцэн ухаааны хүч” сан ажиллаж байна. 2013 оны 05 сарын 25-нд буюу бурхан багшийн их тэмдэглэлт өдөр 19:00 цагаас Төв Цэнгэлдэх Хүрээлэнд “Гэрэлт зул” зул өргөх ёслол болох гэж байна. Энэхүү ёслолд чин сэтгэлээсээ залбиран хүслээ шивнэсэн хэн бүхний хүсэл биелэх ерөөлтэй сайн өдөр юм. Энэ үдэш таны гэгээн хүслийн үдэш байх болно. Хүслээ хамтдаа шивнэцгээе.

УРИЛГА ТҮГЭЭЛТИЙН ЦЭГҮҮД:

  1. “Мир номын дэлгүүрийн бүх салбар”
  2. “Дашчойлон хийдийн касс”
  3. Улсын Их Дэлгүүрийн урд
  4. Төв Цэнгэлдэхэд
  5. “Сөөхий” гутлын дэлгүүрийн 1 давхарт
  6. “SUNDAY PLAZA”
  7. МУИС-ын 7-р байрны хажууд “Танан төв” 202 тоот

Холбоо барих утас: 77072072, 99242590, 89987076, 96018750, 93096956

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …