Улаанбаатар хотод ирэх долдугаар сард АСЕМ-ын уулзалт болно. Манай улс Ази, Европын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Энэ дээд хэмжээний уулзалтын үеэр дэлхийн 51 улс, олон улсын хоёр байгууллагын удирдагч, тэднийг дагалдан манай улсад ирэх улс төр, бизнес, хэвлэл мэдээллийн байгууллагын нийт 5000 орчим зочид төлөөлөгч ирэх урьдчилсан тооцоо гарсан. Өөрөөр хэлбэл, зочид төлөөлөгчдөд эх орноо сурталчлах том боломж, мөн том хариуцлага бидний өмнө бий тулгараад байгаа билээ.
АСЕМ-ийн Үндэсний зөвлөл байгуулагдаж, олон дэд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж бэлтгэлээ базааж байна. Нийтдээ 44 зочид буудалд зээл олгож, тохижуулснаар дээд хэмжээний чуулга уулзалтын зочдыг хүлээн авна. Зочид буудлуудын ихэнх нь өдгөө үйл ажиллагаа явуулж буй томоохон газрууд юм. Тухайлбал, “Shangri-La”, “Blue Sky”, “Best Western Premier Tuushin”, “Улаанбаатар”, “Баянгол”, “Corporate”, “Continental”, “Puma Imperial” зэрэг болно. Мөн ирэх онд ашиглалтад орох хэд хэдэн зочид буудал байгаа юм.
Өнгөрөгч оны наймдугаар сард “АСЕМ вилла” хотхоны бүтээн байгуулалт зогссон гэх мэдээлэл хэвлэлүүдээр цацагдсан. Тэгвэл албаныхны мэдээлснээр тус хотхоны бүтээн байгуулалтын ажил дуусчээ. Одоо дотор тохижолт, гэрэлтүүлгийн ажлыг хийж байгаа аж. Уг ажлыг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүд тавдугаар сарын 01-нд бүх ажлаа дуусган хүлээлгэн өгнө хэмээн албаны эх сурвалж мэдээллээ.