“Өндөр жил”-д мэндэлсэн 1973 иргэн байна

Григорийн тооллоор 2016 он бол 366 хоногтой  өндөр жил тохиож байна . Өөрөөр хэлбэл, хоёрдугаар сар бол 29 хоногтой. Дөрвөн жилд нэг удаа хуанлийн хуудсан дээр бичигддэг хоёрдугаар сарын 29-нд мэндэлсэн хүмүүстэй бид онлайнаар холбогдож энэ өдөртэй холбоотой сонирхолтой ярилцлагыг өрнүүлсэн юм. Хүлээн авна уу.

Д.Өнөржаргал: Би өнөөдөр 7 нас хүрч байна

Эхний зочин бол Доржхандын Өнөржаргал. 1988 оны хоёрдугаар сарын 29-ны энэ өдөр мэндэлсэн. Айлын хоёр дахь хүүхэд бөгөөд нэг эгч, нэг эрэгтэй дүүтэй ажээ.

-Төрсөн өдрийн мэнд хүргэе. Дөрвөн жилд нэг удаа тохиодог төрсөн өдөр нь өнөөдөр болж байна. Сэтгэгдлээ манай уншигчдад хуваалцаач?
-Баярлалаа. Би өнөөдөр 7 дахь удаагаа төрсөн өдрөө тэмдэглэж байна. Долоон нас хүрч байна гэх юм уу даа. Зөвхөн минийх л гэх энэ өдөр болж байгаад маш их баяртай байна.

-Төрсөн өдөр байхгүй жилүүддээ яаж баярладаг вэ?
-Огт тэмдэглэдэггүй ээ. Манай найзууд ч төрсөн өдрийн мэнд хүргэдэггүй. Учир нь зөвхөн надад зориулсан цаг минут гэж байдаггүй болохоор тэр байх л даа.

-Заримдаа жил бүр төрсөн өдрөө тэмдэглэхгүй болохоор гомдолтой санагддаг уу?
-Эхэндээ атаарахдаг байсан. Одоо бол атаархахаа больсон. Атаархал тээхээсээ урьтаад энэ л өдөр зөвхөн миний өдөр гэж бодохоор хувь  тохиол, аз дууддаг ч юм шиг санагддаг. Ер нь хүн гучин наснаасаа хойш төрсөн өдрөө бараг тоохоо больдог юм шиг ээ…. /инээв/.

-Долоон жил тэмдэглэхдээ хамгийн сайхан өнгөрөөсөн төрсөн өдрөө дурсаач гэвэл…?
-Дөрвөн жилд ганц гэдэг утгаараа үнэхээр дурсамж дүүрэн, сайхан байдаг шүү. Дөрвөн нас хүртлээ гэр бүлтэйгээ төрсөн өдрөө тэмдэглэдэг байсан. Таван настайгаасаа буюу 20-тойгоосоо найз нөхдийнхөө хүрээнд тэмдэглэж ирсэн. Өнөөдөр найзуудтайгаа гурав дахь төрсөн өдрөө тэмдэглэхээр догдлоод сууж байна даа. Миний хувьд удаж байж болдог төрсөн өдрөө маш их төлөвлөж тэмдэглэдэг. Надад л зориулсан өдөр 4 жилд нэг болдог болохоор их зүйл амжуулна шүү.

-Энэ жилийн хувьд төрсөн өдрөө яаж тэмдэглэх гэж байна?
-Хоёрдугаар сарын 29-ны 01.00 цагт мэндэлсэн бяцхан хүүхдүүдийгээ баярлуулахаар шөнө дунд эмнэлэг дээр очдог. Энэ жилийн хувьд ч тэр уламжлалаа дагаж, төрөх эмнэлэг орж, өөртэйгөө нэг өдөр төрсөн хүүхдүүддээ бэлэг өгнө. Долоон насныхаа төрсөн өдрөөр долоон хүүхдэд бэлэг өгье гэж бодож байгаа. Өмнө нь хүрсэн насныхаа тоогоор бэлэг өгдөг байсан. Надад их сайхан гэгээлэг мэдрэмжийг өгдөг болохоор энэ уламжлалдаа ч дуртай.

-Өөртэй чинь ижил “Өндөр жил” мэндэлсэн хүмүүсийг хэр таних вэ?
-Арван жилийн сургуульд байхад манай ангид нэг хүү байсан. Түүнээс өөр хүн танихгүй.

-Энэ өдөр төрсөн ээжүүдийн яриа их сонин байдаг л даа. Олонх нь 29-нд л төрөхгүй шүү гэсээр байгаад яг энэ өдөр нярайлсан байдаг. Таны ээжийн хувьд энэ талаар ярьж байх юм уу?
-Ээжийг маань төрөх үед сар шинэ өнгөрөөд нэг их удаагүй байсан гэсэн. Тэгээд ээж айл хэсч яваад төрчихсөн гэж байгаа. Манай нагац эгч ээжид “Чи ингэж явж байгаад төрчихөв” гээд анхааруулаад байхад зөрүүдэлж айл хэсч явж байгаад гэнэт өвдөөд төрчихсөн. Ээж гэрээсээ гарахдаа “Яаж ч байсан маргааш л төрнө” гэж байсан гэж байгаа. Тэгсэн гэрээсээ гараад цагийн дараа нагац руу “Төрчихлөө” гээд залгасан.


Ө.Пүрэврагчаа: Хүмүүс намайг ямар азгүй юм бэ гэдэг

Дараагийн зочин бол Ө.Пүрэврагчаа. 1996 онд төрсөн. Хэдийгээр таван өндөр жилийг угтсан ч энэ жил л төрсөн өдрөө тэмдэглэх гэж байгаа хэмээн ярьснаар бид цааш хөөрөлдлөө. Тэрбээр сэтгүүлч болох хүсэлтэй гэсэн шүү.

-Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож байна. Таны хувьд их онцгой өдөр байх?
-Тиймээ. Гэхдээ энэ өдөр төрсөн гэхээр хүмүүс тэр дундаа монголчууд “Ямар азгүй юм бэ” гээд байдаг. Харин гадаадууд болохоор “Ямар ерөөлтэй юм бэ” гэдэг.

-Баяраа яаж тэмдэглэх гэж байна?
-Сайн мэдэхгүй байна. Гэхдээ энэ жил төрсөн өдөр дөхөөд ирсэн чинь хүмүүсээс ямар нэгэн юм хүлээгээд их эмзэг болоод байх шиг ээ.

-Таны хувьд дөрвөн жилд нэг удаа баярладаг. Гэтэл бусад хүмүүс жил бүр төрсөн өдрөө тэмдэглэдэг. Багахан атаархал байх уу?
-Бага байхдаа жил бүр төрсөн өдөр тэмдэглэхгүй болохоор жаахан гомдоллох гээд л байдаг байсан. Одоо бол төрсөн өдөр 4 жилд нэг болдог гэж гомдоллохоо больсон. Бараг төрсөн өдрөө мартчихдаг юм. Энэ жилийн хувьд тав дахь “өндөр жил”-тэйгээ золгож байгаа ч анх удаагаа төрсөн өдрөө тэмдэглэх гэж байна.

-Тантай нэг өдөр төрсөн хүмүүсийг хэр таних вэ?
-Миний ойр хавьд л лав надтай нэг өдөр төрсөн хүн байдаггүй. Гэхдээ “Загасны ордныхон” гэх фэйсбүүк хуудсанд юм биччихвэл дорохноо л олдох байх.


Э.Дөлгөөн: Төрсөн өдрөө 28-нд тэмдэглэхийг хүсдэггүй

Түүнийг Э.Дөлгөөн гэдэг. Тэрбээр “Өндөр жил”-д төрсөндөө баяртай явдаг хүмүүсийн нэг. Энэ талаараа “Бусдаас содон онцгой байна гэдэг гоё шүү дээ. Би хоёрдугаар сарын 28-нд төрсөн өдрөө тэмдэглэж болно л доо. Гэхдээ 29-ндөө л тэмдэглэхийг хүсдэг. Дөрвөн жилд тохиодог миний хамгийн гоё өдөр. Ийм гоё өдөр төрүүлж, өсгөсөн ээждээ маш их баярладаг. Энэ өдөр ээждээ бэлэг барина даа. Өмнө нь энэ өдөр төрсөн хүн бараг байдаггүй байх гэж боддог байсан. Гэхдээ их олон байдгыг нь мэддэг болсон” гэлээ.


М.Тогтохдорж: Би өөрийгөө их азтай хүн гэж боддог

Харин дараагий зочин маань М.Тогтохдорж юм. Тэрбээр 1984 оны хоёрдугаар сарын 29-нд төрсөн. Энэ жил найм дахь төрсөн өдрөө тэмдэглэх гэж байгаа ажээ.

-Хүмүүс жил бүр төрсөн өдрөө тэмдэглэж байхад тар 4 жилд нэг удаа тэмдэглэдэг. Гомдолтой санагддаг уу?
-Үгүй ээ. Харин ч өөрийгөө азтай хүн гэж боддог шүү. Дөрвөн жилд нэг удаа болдог өдөр төрнө гэдэг сонин шүү дээ. Аз гэх үү дээ. Ер нь хувь тавиланг яалтай ч билээ.

-Төрсөн өдрөө яаж тэмдэглэдэг вэ. Энэ жилийн хувьд яаж баярлах гэж байна?
-Ер нь гэр бүлийн л хүрээнд тэмдэглэдэг дээ. Энэ жилийн хувьд ч адил байх аа.


Э.Лхам-Осоржин: “Өндөр жил”-д төрсөн хүн Монголд ховор байх аа

Манай дараагийн зочин бол Э.Лхам-Осоржин. Тэрбээр 2000 онд төрсөн бөгөөд энэ жил тав дахь төрсөн өдөртэйгөө золгож байгаа юм. Гэр бүлийнхээ хүрээнд даруухан төрсөн өдрийг тэмдэглэдэг тэрбээр “Энэ өдөр төрсөн хүн Монголд ховор байдаг байх аа. Надтай ижил өдөр төрсөн хүн огт таарч байгаагүй. Миний хувьд бусад хүмүүст нэг их атаархаад байдаггүй ээ. 2012 онд найзуудтайгаа их дурсамжтай тэмдэглэж байсан” хэмээх товчхон хариултыг өгсөн юм.


Дөрвөн жилд нэг удаа тохиох хоёрдугаар сарын 29-ний энэ өдөр төрсөн хүн манай улсад 1973 байдаг бөгөөд дэлхийн хэмжээнд 4 сая гаруй байдаг талаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээлсэн бөгөөд Монгол Улсад 1950 оноос хойш эхлэн шинээр мэндэлсэн хүмүүст албан ёсоор төрсний  гэрчилгээ олгож эхэлсэн байдаг билээ.

Ингээд 1952, 1956, 1960, 1964, 1968, 1972, 1976, 1980, 1984, 1988, 1992, 1996, 2000, 2004, 2008,  2012, 2016 оны хоёрдугаар сарын 29-нд мэндэлсэн хүмүүс энэ жил төрсөн өдрөө тэмдэглэх юм.Тэдний хамгийн өндөр настай хүн 98-тай боловч энэ жил 17 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэх ажээ.

Түүнчлэн энэ өдөртэй холбогдуулан манай улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон үйлчилгээний газрууд болоод үндэсний үйлдвэрлэгчид урамшуулал, хямдралыг зарлаад байна.

Тодруулбал, Хоёрдугаар сарын 29-ний өдөр төрсөн бүх хүмүүст үндэсний үйлдвэрлэгч “Гоёо” кашмерь бүх загвараа 29 хувийн хямдралтай үнээр худалдан авах эрхийн бичиг бэлэглэх гэнэ. Харин “Гоёо”-гоор үйлчлүүлэх төрсөн өдрийн эдэг иргэний үнэмлэхний хуулбартайгаа ирэх ёстой ажээ.

Харин “KFC” түргэн хоолны сүлжээ энэ өдөрт төрсөн хүмүүст зориулж, “KFC” сюрпризийг бэлдсэн байна. Энэ өдөр төрсөн та өөрийн биеэр иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээтэйгээ KFC-ийн салбарт очиж, “KFC Эрхийн бичиг” бэлгэнд авах боломжтой гэнэ. Бүх салбаруудад энэ сюрприз хүчинтэй гэж байгаа.

Эх сурвалж: Монголын үндэсний телевиз

Санал болгох мэдээ

Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засварыг маргааш оройн 22:00 цагаас эхэлж хийнэ

Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын Хоёрдугаар хэсэг /Халдвартын уулзвараас …